Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн Др. Бобоёонов Монгол улсад ирж ажиллаа
Тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, хортон шавьж, хог ургамалд нэрвэгдэх зэрэг олон төрлийн эрсдлүүдтэй нүүр тулах хэрэгтэй болдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдэл, ган болох давтамжууд улам ойртсоор байгаа билээ. Тиймээс тариалангийн салбарт учирч буй эдгээр эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулах үүднээс Монгол орны нөхцөлд тохирсон эрсдлийн менежментийн системийг бий болгох зайлшгүй шаардлага үүсч байна.
Тариалангийн тухай хуульд газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулахаар заасан бөгөөд Тариалангийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ХХААХҮЯ-н дээр байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг олон улсын тариалангийн даатгалын тогтолцоог судалж, хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2017 оны 10 сарын 11-15 хооронд ХБНГУ-ын Лайбниц Институтын судлаач Др. Бобоёоновыг Монгол улсад урьж ажиллууллаа. Др. Бобоёонов нь Казахстан, Узбекистан, ОХУ зэрэг төв азийн улс орнуудын тариалангийн даатгалын талаар арвин туршлагатай бөгөөд эдгээр даатгалын системүүдийг хооронд нь харьцуулсан судалгаануудыг хийж байжээ.
Др. Бобоёонов Монгол Улсад ажиллах хугацаандаа ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай албан уулзалтууд хийсэн бөгөөд 2017 оны 10 сарын 13 өдөр даатгалын ажлын хэсгийхэнтэй дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагын үеэр Др. Бобоёонов “Индексжүүлсэн даатгалаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан байх чадварыг нэмэгдүүлэх нь”, “Казакстан, ОХУ, Узбекстан улсуудын хөдөө аж ахуйн даатгалын системийн давуу болон сул талуудыг хооронд нь харьцуулах нь” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд ажлын хэсгийнхэний хувьд эдгээр даатгалын тогтолцоонуудыг хооронд нь харьцуулан, алдаа оноонуудаас урьдчилан сэргийлэх, ололт амжилтуудаас нь суралцах нь чухал ач холбогдолтой юм. Ажлын хэсгийн уулзалт дээр Др. Бобоёонов: Засгийн газрын төсөв жил бүр хэлбэлзэлтэй батлагддаг тул хуулинд төрөөс олгох татаасын хэмжээг тодорхой зааж өгөх хэрэггүй, талуудын маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, талуудын эрх үүргийг нарийвчлан гаргаж өгөх, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурын мэдээллийг бүх талууд ашигладаг болох нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.