“Тариалангийн хяналт, шалгалтад ургамал хамгааллын цогц арга ба цахим технологи ашиглах боломж, шийдлүүд” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран “Тариалангийн хяналт, шалгалтад ургамал хамгааллын цогц арга ба цахим технологи ашиглах боломж, шийдлүүд” сэдэвт сургалтыг Увс аймгийн Улаангом, Сагил сумдад 2021 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад МХЕГ-ын нийслэл, орон нутгийн таримал ургамлын үр, хорио цээр, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын 30 гаруй улсын байцаагчид танхимын болон талбайн хоёр өдрийн сургалтад хамрагдлаа. Сургалтаар газар тариалангийн үйлдвэрлэлд хяналтыг дижитал хэлбэрээр оновчтой зохион байгуулах, тухайн бүс нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөлөөс хамааран түгээмэл болон тухайн бүс нутагт тархаагүй организмуудыг хэрхэн оношлох, тухайн бүс нутагт нутагшаагүй онц хөнөөлт организм орж ирсэн, тархсан тохиолдолд хөнөөлт организмуудын морфологи, биологиор таньж тодорхойлох, тэмцэх аргын талаар танхимаар судаллаа. Хөнөөлт организмд тандан судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх аргыг танхимаар суралцаж, улмаар талбай дээр биечлэн оролцож, мэдлэг эзэмшлээ. Мөн хөнөөлт организмын тандан судалгааг хийх арга зүйг эзэмшиж, хөнөөлт организмын эрсдэлийг үнэллээ.

Сургалтын үеэр МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Газар тариалангийн үйлдвэрлэлд хяналт шалгалтыг дижитал буюу цахим хэлбэрээр илүү оновчтой, ил тод, цаг хугацаа орон зайнаас үл хамааран хийх боломжууд болон газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөө ч дотооддоо хяналтаа хийж, өөрсдийн алдаа оноог үнэлэн, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх нөхцлийг улам боловсронгуй болгож байгаа талаар оролцогчдод мэдээлэл хүргэж, мэргэжлийн хяналтын байгууллагын “шилэн хяналтын цахим системийн 2.0 шийдэл”-ийг хэлэлцүүлэв. Төслийн зүгээс хоёр өдөр үргэлжилсэн сургалтаар Газар тариалангийн үйлдвэрлэлийн орчин үеийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа ялангуяа хяналтын үйл ажиллагаанд нисдэг дроныг ашигласнаар талбайн хэмжээ, хөнөөлт организмд өртсөн байдал, таримлын ургалтын үе шатны өсөлт, хөгжилтийг тодорхойлох арга зүйд суралцах боломжийг бүрдүүлэн ажиллаа.

Go back