“Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинар боллоо
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, БХБЯ-ны харъяа Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар, Дархан Уул аймгийн ЗДТГ-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-нд Дархан хотноо “Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг анхан шатанд цуглуулах, нэгтгэх, дүгнэх, тайлагнах, мэдээллийн санд нэгтгэх болон түүнд тулгамдаж буй асуудлууд, мэдээллийн санг ажиллуулах аргачлал, энэ чиглэлээрх гадаад улс, орнуудын жишээ, загвартай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөхөд оршиж байлаа. Түүнчлэн “Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан” ажиллуулах журмын төслийг оролцогчдод танилцуулан хэлэлцүүлж, тэдний саналыг авах чиглэлтэй байсан.
Тус семинарт Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын ерөнхий агрономчид, сумдын хөдөө аж ахуй, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон зарим аймаг, сумдын Газрын даамал нар буюу нийт 80 гаруй оролцогчдыг хамрууллаа.
Агуулгын хувьд газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг нэгтгэх, үнэлэх, дүгнэх, тайлагнах, мэдээллийн сан үүсгэх талаарх танилцуулгыг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын мэргэжилтэн А.Мөнгөнцацал, Тариалангийн үйлдвэрлэлд газарзүйн мэдээллийн систем ашиглах тухай гадаад улсын жишээг “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдагч, доктор Алфред Катер, Мэдээллийн сан, дата бааз хэрхэн үүсгэх тухай ХХААХҮЯ-ны ХАА-н гео мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн С.Энхбат, Тариалангийн талбайн газар зохион байгуулалтын талаар ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Мөнхөө, Тариалангийн талбайн түүх хөтлөлт, түүний хэрэгжилт, үр дүн сэдвээр ТЭДС-ийн мэргэжилтэн М.Батсайхан нар тус тус илтгэл, танилцуулга хийлээ. Түүнчлэн Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг тайлагнах, мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Мөнхсоёл танилцуулж, хэлэлцүүлж, оролцогчдын саналыг авсан юм.
Сургалтад оролцогчдоос тариалангийн газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх, тайлан мэдээ боловсруулахад сумдын газрын даамлууд хөдөө аж ахуй, газар тариалан хариуцсан мэргэжилтэнтэй уялдаж хамтарч ажилладаггүй, байгууллага хоорондын хамтын ажиллагаа сул, тариалангийн газрын мэдээ тайлан бодит байдлаас зөрүүтэй байдаг гэх зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг дурдаж, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах талаар ярилцаж, зөвшилцлөө. Үүний үр дүнд ХХААХҮЯ, Газрын зохионбайгуулалт, геодизи зураг зүйн газартай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй талбайн мэдээллийг аймаг, сумдын түвшинд нарийвчлан судалж, нэгтгэн боловсруулж, хамтран ажиллах чиглэлийг орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар тогтлоо.
Дээрх чиглэлийн хүрээнд ГЗБГЗГ-тай хамтран шийдвэр гаргах түвшний оролцогчдыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмж боловсруулан түүний хэрэгжилтийг хангуулан ажиллахаар боллоо.
Энэ удаагийн семинар үр дүнтэй, амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн түвшинд ажилладаг мэргэжилтнүүд маань газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ цуглуулах, тэдгээрийг нэгтгэн боловсруулах, тайлагнах, мэдээллийн нэгдсэн сан бий болгох чиглэлээр шинэ мэдээлэл авч, санал солилцон, нэгдсэн ойлголттой боллоо.