“Рапс, улаанбуудайн талбай дахь ургамал хамгаалал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дан ганц тохиромжтой сорт, техник хэрэгслийг сонгох нь хангалтгүй бөгөөд бордоо, ургамал хамгааллын бодисын зүй зохистой хэрэглээ нь ургацын хэмжээнд шууд нөлөөлж байдаг.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтран 2017 оны 6 сарын 05-08 өдрүүдэд “Рапс, улаанбуудайн талбай дахь ургамал хамгаалал” сэдэвт нэг өдрийн сургалтыг Дархан-Уул, Хэнтий аймгуудад зохион байгууллаа. Сургагч багшаар ХБНГУ-аас ноён Хорст Бунге-г урьсан бөгөөд ноён Бунге нь Ази, Европын орнуудад газар тариалангийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Ургамал хамгааллын хүрээлэнгээс Эрдэмтэн нарийн бичгийн дарга Проф. Др. Отгонсүрэн мөн эрдэм шинжилгээний ажилтан Др. Дэжидмаа, Др. Аззаяа нар ургамал хамгааллын бодисын зүй зохистой хэрэглээний талаар хичээл заалаа. Сургалтад аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудын мэргэжилтнүүд агрономчид, тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 100 гаруй хүмүүс хамрагдлаа.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд ажилласан Герман мэргэжилтнүүд, мөн төслийн багийг газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад тариалан эрхлэгчдийн пестицидын талаарх мэдлэг, мэдээлэл хязгаарлагдмал, чанарын шаардлага хангахгүй пестицид ашиглах, тэдгээрийн сав баглааг устгах, устгалын цэгийн талаар ойлголт байхгүй, жагсаалтад ороогүй, заавар нь үл мэдэгдэх пестицид ашиглах зэрэг асуудлууд түгээмэл ажиглагдсан бөгөөд энэ нь өнгөрсөн 2016 онд хийгдсэн “Монгол улс дахь бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ ба хэрэглэгчдийн хандлага” судалгаагаар дахин батлагдсан болно.
Сургалтаас гарсан үр дүн дээр тулгуурлан “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ургамал хамгааллын бодисын хэрэглээний талаарх дараачийн шатны сургалтын концептыг боловсруулж, ХХААХҮЯ-нд танилцуулахаар ажиллаж байна.