“Тариалангийн талбайн хөрсийг бордох арга технологи” сургалт амжилттай болж өндөрлөв

 

Тариалангийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн эрхэм үүрэг нь баялагийг бүтээгч хөрс, түүний үржил шимийг хамгаалах үйл ажиллагаа байх ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад илүү тодоор мэдрэгдэж, хөрсний элэгдэл, доройтол нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Монгол орны тариалангийн хөрсний элэгдэл доройтлын гол шалтгаанаар хөрс боловсруулах арга ажиллагаа, агротехник, уринш үр тариа гэсэн хоёр талбайт сэлгээ буюу цулгуй уринш, органик ба эрдэст бордооны дутагдал зэргийг нэрлэж болно.

Хөрсний үржил шимийн доройтол, элэгдэл эвдрэл улам эрчимжиж байгаа энэ  үед салбарын боловсон хүчний чадварыг бэхжүүлэх зорилгоор “Тогтвортой хөрс ашиглалт”-ын зарчим, хөрс элэгдэн доройтох явц, шалтгаан, үр дагавар зэргээс урьдчилан сэргийлэх, нэгэнт доройтсон хөрсийг нөхөн сэргээх арга ажиллагааны талаар системтэй мэдлэг олгох нь манай төслийн үндсэн зорилтуудын нэг билээ. Бид энэ чиглэлээр ХХААХҮЯ, ХААИС, Дарханы УГТХ-тэй хамтран 2016 оны 11 сарын 29, 12 сарын 01-ний өдрүүдэд “Тариалангийн талбайн хөрсийг бордох арга технологи” сэдэвт сургалтыг Дархан, Улаанбаатар хотуудад зохион байгууллаа. Энэхүү сургалтанд төв, баруун, зүүн бүсийн газар тариалан бүхий 10 гаруй аймгуудаас нийт 220 орчим тариалан эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймаг сумдын Хөдөө аж ахуйн газруудын мэргэжилтнүүд, агрономчид оролцлоо.

Сургалтын зорилго нь оролцогчдод хөрсний үржил шимийг хадгалж сайжруулахад бордооны үүрэг оролцоо, ургамлыг хэрхэн үр ашигтай, зөв тун нормоор бордох  дэвшилтэт арга технологи, бордоог хэрхэн бэлтгэж хэрэглэх талаар системтэй ойлголт өгөхөд чиглэгдлээ.
Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Монгол Улсын гавъяат багш, зөвлөх агрономч Профессор, доктор А. Чойжамц, Герман-Хятадын хамтарсан төслийн удирдагчаар ажиллаж байсан, Ази, Европын орнуудад газар тариалангийн салбарт 30 гаруй жил зөвлөгөө өгч ажилласан Хорст Бунге нар ажиллалаа.

Профессор, доктор А. Чойжамц ургац бүрэлдэхэд шаардлагатай NPK, хөрс ба бордооноос ургамалд ашиглагдах тэжээлийн бодисын хэмжээ, бордооны тун, норм тооцож бодох аргын талаар, зөвлөх Хорст Бунге хөрс боловсруулах дэвшилтэт арга технологийн чиглэлээр “Газар тариалангийн ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа. Мөн тэрээр талбайн түүх хөтлөлтийн ач холбогдол , аж ахуйн нэгжүүд талбайд хийх бүх ажлаа хэрхэн баримтжуулах тухай сонирхолтой илтгэл тавилаа. Сургалтын маань гол хоёр сургагч багшаас гадна ХААИС, Дарханы УГТХ-ийн эрдэмтэн судлаачид монгол орны тариалангийн үйлдвэрлэлд бордоо ашиглалт, түүний хэрэгцээ мөн бордооны үйлчлэлийг судалсан судалгааны үр дүнгүүдээсээ танилцууллаа.

Энэхүү сургалт нь оролцогчдыг өөрсдийн туршлага, тулгардаг хүндрэл, бэрхшээлүүдийн талаар санал бодлоо нээлттэй хуваалцах боломжоор хангаж өгсөн, мэргэжлийн яриа хэлэлцээрүүд өрнөсөн чухал арга хэмжээ болж өндөрлөлөө. Хөрс хамгаалал, бордооны чиглэлээр зохион байгуулагддаг сургалт, семинар хангалттай байдаггүй тул Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийг цаашид энэ чиглэлээр тогтмол сургалт семинар, мэдээллийн үйл ажиллагааг хөдөө орон нутагт зохион байгуулах тухай саналуудыг оролцогчдын зүгээс тавьж байлаа.

Text: Khatantuul Enkhbold

Go back