Таримал ургамлын хяналтын улсын байцаагчид, шинжээчдийн сургалт зохион байгууллаа
Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь таримал ургамлын сорт, үрийн аж ахуйн тогтолцоог дэмжих билээ. Энэ хүрээнд таримал ургамлын үрийн чанарын менежмент(тээвэрлэлт, хадгалалт, ариутгал, бэлтгэл), үрийн дээж авах, шинжлэх, тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайгаас хөрсний дээж авах, шинжилгээнд хүргүүлэх, түүнийг шинжлэх, хөрсний шим тэжээлийн бодисын хангамжийг тооцоолох зэрэг газар тариалангийн үйлдвэрлэлийн амин чухал сэдвээр ХХААХҮЯ, МХЕГ-тай хамтран 2019 оны 4 сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн өдрийн онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.
Сургалтад МХЕГ-ын харъяа аймаг, орон нутгийн улсын байцаагчид, таримал ургамлын үр,хорио цээрийн хяналт, ургамал хамгаалал, хориоцээрийн хяналт, хилийн ургамлын хорио цээрийн хяналт болон үр, хөрс судлалын лабораториудын шинжээчид зэрэг 70 гаруй мэргэжилтнүүдийг хамрууллаа. Сургалтын эхний 2 өдөр онолын мэдлэг, сүүлийн 2 өдөрт лабораториудын шинжээчид болон үрийн хяналтын байцаагчдад дадлага эзэмшүүлэх чиглэлээр ажилласан болно. Сургалтад ХХААХҮЯ, МХЕГ, УГТХ, УХЭШХ-ийн холбогдох мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ХБНГУ-ын ХАА-н зөвлөх Г.Мюллер, хөрс судлаач Др. Б.Ундрах-Од нарыг урьж ажиллууллаа.
Сургалтаар Монгол Улсын таримал ургамлын үр, сортын бодлого, Ургамлын хорио цээрийн талаарх олон улсын гэрээ, конвенци, Тариалангийн тухай хууль, Төрийн албаны шинэ хууль болон таримал ургамлын үрийн чанартай холбоотой бусад эрхзүйн баримтууд, тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайн хөрсний үржил шимийг шинжлэх, хог ургамал, өвчин, хөнөөлт организмыг тодорхойлж тэдтэй тэмцэх аргыг тогтоох, хөдөө аж ахуйн зохистой дадал, хуванцар сав, баглаа боодлын хэрэглээнд тавигдах стандартууд, дүрэм, журам, үрийн тариалангийн талбайн хянан баталгаа, ургамал хамгаалал, хорио цээрийн чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын үр дүн, цаашид анхаарах асуудал зэрэг олон сэдвээр оролцогчдод мэдлэг, дадлага эзэмшүүллээ. Сургалтад оролцогчид сургалтын агуулга, ач холбогдлыг өндрөөр үнэлж, ийм сургалтыг жил бүр зохион байгуулдаг болох талаар саналаа өгч байлаа.