Таримал ургамлын үрийн чанарын менежмент

Монгол орны газар тариалангийн салбарын амин чухал нэг сэдэв бол чанартай үрийн үйлдвэрлэл, хангамж, хадгалалтын тухай бөгөөд үүнийг шийдвэрлэхэд хууль эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгох, санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг цогц үйл ажиллагааг шат дараатайгаар төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай.
Тус төслийн нэгдүгээр үндсэн чиглэлийн хүрээнд “Таримал ургамлын үрийн чанарын менежмент” сэдвийн дор германы хөдөө аж ахуйн зөвлөх Др. Гюнтер Мюллерийг 9 дүгээр сарын 25-28-ны хооронд Монгол улсад урьж ажиллууллаа. Тэрээр 27 жил уг салбарт үрийн тариалангийн талбайн хянан баталгаа, үрийн лабораторийн шинжилгээ, үрийн баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт, хяналт, лабораториудын ур чадварыг үнэлэх зэрэг чиглэлээр ажилласан туршлагатай.

Төслийн баг 9 сарын 26-27-ны өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж, герман зөвлөхийг монголын таримал ургамлын үрийн дээж авах үйл ажиллагаа, түүнийг шинжлэх үрийн лабораториуд, судалгааны хүрээлэн, үр хадгалах агуулахууд зэрэг холбогдох байгууллагуудтай газар дээр очиж танилцуулсан. Энэ удаагийн семинарыг монголын таримал ургамлын үрийн чанартай холбоотой төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулаа. Тухайлбал, ХХААХҮЯ, ТЭДС-ийн Үр, сортын хэлтэс, түүний харъяа Үрийн лабораториуд, МХЕГ-ын харъяа Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторийн Үрийн лаборатори, тариалан бүхий аймгуудын МХГ-ын харъяа Үрийн лабораториуд, УГТХ-ийн Үрийн лаборатори зэрэг байгууллагууд оролцлоо.

Германы үрийн лабораториуд Европын холбооны үрийн чанарт тавигддаг дүрэм журмыг мөрддөг, түүнчлэн Олон улсын үрийн шинжилгээний нийгэмлэг /International Seed Testing AssociationISTA/-ийн дүрэм журам, стандартыг мөрдлөгө болгон ажилладаг. Сургалтад герман зөвлөх маань Таримал ургамлын үрийн дээжид чанарын шинжилгээ хийх менежмент, Лабораторид таримал ургамлын үрийн дээжийг шинжлэх процесс, Таримал ургамлын үрийг бэлтгэх, хадгалах үндэс сэдэвт танилцуулгаар европ, германы үрийн лабараторийн хууль эрхзүйн орчин, түүнд тавигддаг чанар, стандартууд, арга зүй, үйл ажиллагаа, ашигладаг техник, тоног төхөөрөмжүүд, хадгалалтад тавих хяналт зэрэг нарийн мэдээллийг өглөө.

Сургалтын агуулга газар тариалангийн салбарын чухал сэдвийг хөндсөн учир оролцогчид ач холбогдол өгч, олноор хамрагдан асуултууд ихээр тавьж байлаа. Монгол орны үрийн лабораториудын хувьд ISTA байгууллагад элсэхээс урьдаж тэдний мөрддөг дүрэм, журмыг судлах, тус байгууллагын арга зүйгээр шинжилгээгээ хийх, тэднийхээс зохион байгуулдаг мэдлэг, ур чадварын тестэд оролцох зэрэг үнэтэй зөвлөмжийг авсан юм.

Энэ сэдвээр цаашид сургалт семинар, мэргэжлийн зөвлөгөө хэрэгцээтэй байгаа тухай суралцагсад хэллээ.

Cургалтын илтгэлүүдийг эндээс татаж авна уу.

Go back