Тогтвортой төмсний үйлдвэрлэлийн чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ажиллаа
Дархан хотын Ургамал, газар тариалан, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнд онолын сургалт, үдээс хойш Хушаат суманд талбайтай төслийн загвар ААН болох “Элит-Үр” ХХК-ийн талбайд нийт 80 гаруй оролцогчдод талбайн сургалтыг зохион байгуулсан болно.
Митчке зөвлөхийн танилцуулга төмсний биологи, физиологи, төмсний өсөлт хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, шим тэжээлийн хэрэгцээ, тариалах технологи, тухайлбал, хөрс боловсруулалт, хамар үүсгэх, маналт, хог ургамалтай тэмцэх, өвчнөөс сэргийлэх, төмсний үр шинэчлэх зэрэг олон чухал сэдвийг агуулсан болно.
Сургалтын үеэр харилцан ярилцлага өрнүүлж, тухайн ААН-д тулгамдаж буй асуудлуудад тодорхой хэмжээнд зөвлөгөө өгсөн нь оролцогчдод сонирхолтой байлаа. Зарим нийтлэг асуултуудад дараах зөвлөмжийг өгч байлаа. Тухайлбал, зоориноос гаргасан үрийн төмсийг наранд 2-3 хоног байлгаж, төмсний температурыг +10-аас дээш градуст суулгах, соёолсон үрийн төмсийг хөрсний температур +5-аас дээш градус, соёолоогүй үрийн төмсийг хөрсний температур +8-аас дээш градуст тариалах нь тохиромжтой. Төмсний үрийг ариутгахдаа соёог нь түлэхгүй байх, үрийн төмсийг ангилах, талбайн хөрсний лабораторийн шинжилгээний дүнг харгалзан бордоо ашиглах, хар цахлай өвчин гарсан талбайд 3-4 жил өөр таримал тариалах, үрийг шинэчлэх, шинэ үрийг 4-5 жил тариалах, хуурайшилттай жил аль болох хөрсийг бага хөндөх технологи ашиглах, жишээ нь: төмс тариалах-эхний цагаан соёо цухуйхад – бага хэмжээний маналт хийх- дараагийн цагаан соёо цухуйхад хөнгөн торон борнойгоор борнойдох, нийт талбайн 30 хувьд төмсний цухуйлт 2-3 см байхад сүүлийн маналтыг хийх зэрэг болно. Зөвлөх дээрх зөвлөмжийг тухайн ААН өөрийн нөхцөл байдалд тохируулан ашиглах хэрэгтэй, талбай бүр өөрийн онцлогтойг анхааруулж байв.
Сургалтын агуулга, зохион байгуулалтад оролцогчид сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид хүнсний ногооны тариалалт, өвөл, зуны хүлэмж, бага оврын боловсруулах цех, бордоо, ургамал хамгааллын бодис, түүний хэрэглээний чиглэлээр сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.