Төмсний мэргэжилтэн М. Мичке-гийн энэ удаагийн томилолт

Талбайн сургалтын үеэр

Төмс нь Монгол Улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг хүнсний ногоо билээ. Сүүлийн жилүүдэд Монгол орны төмс үйлдвэрлэл тогтвортой өсөн нэмэгдэж, дотоодын хэрэглээг бүрэн хангадаг болоод байгаа хэдий ч энэ салбарт өнөөдрийн хүртэл тулгарч байгаа олон хүндрэл бэрхшээлүүд байна. Тухайлбал сайн чанартай элит үр, усжуулалт, хадгалалт, менежмент, борлуулалтын системээс үүдэлтэй төмсний илүүдэл, үнэгүйдэл гэх мэт эдийн засгийн бэрхшээлүүдийг дагуулж байна. Тийм ч учир, Монгол орны байгал цаг уурын нөхцөлд илүү тохиромжтой, эрт болцтой шинэ сортуудын технологи нэвтрүүлэх, төмсний үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэдийг сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах, менежментийн болон технологийн олон талт сургалтуудад хамруулах явдал нь манай төслийн үндсэн нэг зорилт билээ.

Төсөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлэснээсээ хойш энэ чиглэлээр олон арван үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ оны 8 сарын 04-08 хооронд төмсний мэргэжилтэн ноён Марк Мичке-г хоёрдахь удаагаа Монгол Улсад урьж ажиллуулаа. Ноён Мичке нь салбартаа хорь гаруй жилийн туршлагатай Германы Хайлброн хотын ХАА-н зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ахлах зөвлөх юм.

Монгол Улсад ажиллах хугацаандаа ноён Мичке нь Төвийн бүсийн аймгуудын хэд хэдэн аж ахуйн нэгжийн талбайгаар зочилж, төмс үйлдвэрлэгчдэд хөрс боловсруулалт, төмсний өвчлөлт, борлуулалт, түгээх менежмент г.м. сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

Мөн 8 сарын 5-ны өдөр Монголын хөдөөг дэмжих фермерүүдийн холбооны дэмжлэгтэйгээр бид Төв аймгийн Борнуур суманд “Төмсний өвчлөлт, түүнтэй тэмцэх арга замууд” сэдвээр сургалт семинар зохион байгууллаа. Хүнсний ногооны мөөгөнцөр, бактери болон вирусын гаралтай өвчлөлтүүд нь тариалан эрхлэгчдийн хувьд тулгамдаж буй асуудлуудын нэг байдаг бөгөөд хэрэв дээрхи өвчлөлтүүдтэй цаг алдалгүй тэмцэхгүй бол ургацынхаа 20-30 хувийг алдах өндөр эрсдэлтэй байдаг байна. Тиймээс энэхүү сургалтын ач холбогдол төмсний үйлдэрлэл эрхлэгчдийн хувьд өндөр байлаа.

Go back