Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбай дээрхи Төмсний талбайн өдөрлөг

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Элит-Үр ХХК нар хамтран 2015 оны 8 сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбай дээр “Төмсний талбайн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү Талбайн өдөрлөгт Холбооны хүнс хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч ноён Хаагер, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Дукофр зэрэг Германы талаас өндөр албан тушаалтнууд мөн Төв, Сэлэнгэ зэрэг хөдөө аж ахуйн төвийн бүсээс 60 гаруй төмсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Талбайн өдөрлөгийг Холбооны хүнс хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч ноён Хаагер, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Дукофр, “Монгол төмс” хөтөлбөрийн зохицуулагч ноён Төрмандах нар нээж үг хэллээ.

Энэ үеэр оролцогчид төмс тариалах, үр үржүүлгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга технологиудтай танилцаж, “Тогтвортой Хөдөө аж ахуй” төслийн туршилтын талбайд зочилж, төмсний шинэ сортуудын хэрэглээний онцлог, тариалах технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэ жил туршилтын талбайд Германы Европлант, Солана, Норика зэрэг компаниудын нийт 30 гаруй шинэ сортын төмс тариалагдаж байна.

Мөн энэ үеэр төмс хүнсний ногооны ургамал хамгааллын шинэ арга технологиуд, бордооны туршилтуудыг танилцууллаа. Талбайн өдөрлөгийн үеэр олны анхаарлыг татсан бас нэгэн үйл явдал нь орчин үеийн хэмжилтийн багаж ашиглан машин-тракторын угсрааны зүтгэх хүч, шатахууны зарцуулалт дугуйн хийн даралтаас хэрхэн хамаарч өөрчлөгдөж байгааг харуулсан практик сургалт, туршилт судалгааны ажил байлаа.

Энэхүү талбайн өдөрлөг нь төмсний тариалалтын дэвшилтэт арга технологиуд, Монгол улсад нэвтэрч буй шинэ сортууд мөн машин-тракторын тохируулга, тоног төхөөрөмжийн үр ашигтай ашиглалт зэргийг цогцоор нь багтаасан чухал арга хэмжээ болж өнгөрлөө.

Go back