Герман-Монголын хамтын ажиллаагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төсөл нь 2013 оны 4-р сараас Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт дөрвөн удаа Удирдах хорооны хурлаа зарлан хуралдууллаа. Өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдөр төслийн 4-дэх удаагийн Удирдах хорооны хурал Монгол Улсын ХХААЯ-н дээр зохион байгуулагдлаа.
Хуралд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн Яамны төлөөлөл, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгчдийг төлөөлөн ИАК Аграрконсалтинг ХХК-ийн төлөөллүүд Германы талаас байлцсан бол Монголын талаас ХХААЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, загвар аж ахуйн нэгжүүд мөн ХААИС-ийн төлөөлөл оролцлоо.
ХХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга ноён Ц. Болорчулуун хурлыг нээж үг хэлэхдээ “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Монгол орны газар тариалангийн салбарын хөгжилд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд манай Яамны зүгээс тус төсөлд ихээхэн ач холбогдол өгч, нягт хамтран ажиллаж байгаа тухайгаа илэрхийллээ.
Холбооны ХХААЯ-ны Засгийн газрын асуудал эрхэлсэн дарга ноён Супп Германы талын оролцогчдыг төлөөлж үг хэлсэн бөгөөд өнгөрсөн удаагийн Удирдах хорооны хурлаас хойшхи үйл явдлыг товчлон мэдээллээ.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдагч ноён Ханс-Юрген Фүллэ өнгөрсөн оны төслийн үйл ажиллагааны тайлан, үр дүн мөн 2015 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Өнгөрсөн онд төслийн үндсэн үйл ажиллагаанаас гадна газар тариалангийн тодорхой сэдвүүдээр ХХААЯ-нд бодлогын зөвлөгөө өгөх ажлын хүрээнд хийгдсэн таримал ургамлын үр, сортын бодлого, эрх зүйн чиглэлээр мөн хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний болон жижиглэнгийн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн ажлууд ихээхэн үр дүнтэй байсан талаар ХХААЯ-ны зүгээс онцолсон бөгөөд эдгээр ажлуудыг 2015 оны төлөвлөгөөндөө тусган үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн ХХААЯ-аас энэ жил “Тариалангийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Таримал ургамлын үр, сортын тухай хууль”-ийн төсөл, “Таримал ургамлын даатгалын тухай хууль”-ийн төсөл зэрэг газар тариалангийн салбарын эрхзүйн шинэчлэлийн ажлуудыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд дээрхи чиглэлүүдээр олон жилийн туршлагатай ХБНГУ-аас бодлогын зөвлөгөө авах, хамтарч ажиллах эрэлт хэрэгцээ байгаагаа илэрхийллээ.
Газар тариалангийн тодорхой сэдвүүдээр ХХААЯ-нд бодлогын зөвлөгөө өгөх ажлынхаа хүрээнд “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь дээр дурьдагдсан сэдвүүдээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг Монгол улсад богино хугацаагаар ажиллуулах, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажлуудыг 2015 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөндөө тусгахаар боллоо.