Тогтвортой хөдөө аж ахуй төслийн эхний үе шат амжилттай хэрэгжиж дууслаа
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн эхний үе шат нь 2013 оны 4 сараас 2016 оны 3 сар дуустал үргэлжилэх бөгөөд энэ сарын 18-ны өдөр төслийн эхний үе шат дууссантай холбогдуулан хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хаалтын үйл ажиллаганд төсөлтэй өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл оролцож, төслийн үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Төслийн эхний үе шат дууссантай холбоотойгоор төслийн удирдагчаар ажиллаж байсан ноён Ханс-Юрген Фүллэ нутаг буцаж, түүний залгамж халааг төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграрконсалтинг ХХК-ийн гадаад харилцааны албаны дарга, төслийн зохицуулагч ноён Др. Алфред Катер авхаар болсон билээ.
Хаалтын үйл ажиллагаан дээр ХХААЯ-аас ноён Ханс-Юрген Фүллэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол орны газар тариалангийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Н. Ариунболд гардуулж өгөв. Төрийн нарийн бичгийн дарга: “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатыг энэ оны 4 сараас 2018 он дуустал үргэлжлүүлэх тал дээр харилцан тохиролцсон бөгөөд энэхүү төсөл нь цаашид үргэлжилэх болсон нь төслийн эхний үе шат амжилттай хэрэгжсэний тод жишээ юм. Төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжихэд голлох үүрэгтэй оролцсон ноён Ханс-Юрген Фүллэ-д талархлаа илэрхийлж байна.” гэж хэллээ.
Эцэст нь өнгөрсөн хугацаанд төсөлтэй хамтран ажилласан Монгол байгууллагуудын нэрийн өмнөөс ноён Ханс-Юрген Фүллэ-д биднийг дэмжин, найрсгаар хамтран ажилласанд нь баярласнаа дахин илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье!