Төрийн албан хаагчид, агрономчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа
Орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэлийг амжилттай эрхлэхэд тариаланчдын агротехникийн болон ХАА-н зах зээлийн талаарх мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Төрийн зөвлөх үйлчилгээг тариаланчид, орон нутгийн иргэд, ногоочдод хүргэх хүмүүс нь аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономчид, сум, дүүргийн газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд билээ. Тэднийг шинэ мэдээ, мэдээллээр хангах ажлыг ХХААХҮЯ-наас тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд 2018 онд хоёр үе шаттай сургалтыг зохион байгууллаа. Эхний сургалтыг ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Эрхзүйн орчин” төсөл, ХААИС-ийн АЭС хамтран 1 дүгээр сарын 22-24-ны хооронд Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн ХХААГ-уудын агрономчдыг хамруулан зохион байгуулсан бол дараагийн сургалтыг дээрх байгууллагуудаас гадна УХЭШХ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран 4 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус сургалтад Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон, Өвөрхангай, Хэнтий зэрэг тариалан бүхий аймгуудын сумдын газар тариалангийн асуудал хариуцсан төрийн албан хаагчид болон агрономчид, нийт 50 гаруй оролцогчдыг хамрууллаа. Сургалтын хөтөлбөрийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга баталж, хичээлийг ХААИС-ийн АЭС, УХХ-ийн эрдэмтэн, багш нар болон яамны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнүүд заалаа. Оролцогчид сургалтаар газар тариалангийн талаар баримталж буй бодлого, шинэчлэгдсэн хууль, дүрэм, журам, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээ сонсож, хөрс хамгаалал, хөрсний үржил шим, түүний хяналт, нөхөн сэргээх аргууд, хөрс боловсруулах дэвшилтэт технологиуд, таримлын сэлгээ, эрдэс болон органик бордоо, таримал ургамлын сортууд, тэдгээрийн тариалалтын технологиуд, ургамал хамгааллын чиглэлээр цогц мэдээллүүдийг авч, өмнөх мэдлэгээ тэлж баяжуулсан, цаашдын ажилдаа тусгах шинэ санаа, сэдэл олсон, үр өгөөжтэй сургалт болсныг онцлон дурдаж байлаа.
Төслийн шугамаар дээрх хугацаанд ажилласан Дойла Нийнбург сургалтын төвийн сургагч багш Ульрих Лоссий уг сургалтад “Ургамал хамгааллын бодистой ажиллах аюулгүй ажиллагаа, техникийн тохируулга” сэдэвт хичээлийг заасан нь Европын Холбоонд мөрддөг ургамал хамгааллын дүрэм журам, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, хэрэглэгчийн хандлагын талаар заах арга зүйн сонирхолтой хэлбэрээр танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа.
Ийнхүү шинэ мэдээ, шинэлэг мэдээллээр хангагдсан агрономчид маань 2018 оны хаврын тариалалтаа амжилттай эхлүүлж, намар арвин ургац хураахын өлзийтэй ерөөлөөр энэ удаагийн сургалтаа өндөрлөлөө.