Төслийн хоёрдугаар үе шатны нээлтийн уулзалт

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн хоёрдугаар үе шат 2016 оны 4-р сарын 01-ээс хэрэгжиж эхлээд байна. Төслийн хоёрдугаар үе шатанд (2016-18) бид нэгдүгээр үе шатны туршлагад тулгуурласан, хамтрагч байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн, түншлэлд суурилсан зарчимаар ажиллана. Тиймээс бид нэн тэргүүнд төслийн хамтрагч талуудын оролцоотой хоёрдугаар үе шатны нээлтийн уулзалтыг 2016 оны 6 сарын 17-ны өдөр ХХААХҮЯ-н дээр зохион байгууллаа.

Уулзалтанд ХХААХҮЯ, ХААИС, Дарханы УГТХ, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, тариаланчдын холбоод зэрэг Монголын талын түнш байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

ХХААХҮЯ-ны ГТБХЗ-ын дарга Ц. Болорчулуун уулзалтыг нээж, үг хэллээ. Тэрээр төсөл нь газар тариалангийн салбарт нэн тулгамдаад байгаа, чухал сэдвүүдийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх сэдвүүд болгосонд Яамны зүгээс талархан хүлээн авч байгааг онцлон, төслийн нэгдүгээр үе шатанд хамтран ажилласан шигээ дараагийн хоёр жил төсөлтэй амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүний дараагаагаар Тогтвортой хөдөө аж ахуй төслийн удирдагч Др. Алфред Катер төслийн хоёрдугаар үе шатны, зорилго, зорилт, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг танилцууллаа.

Төслийн хоёрдугаар үе шатны суурь судалгааны урьдчилсан дүн мөн фокус бүлгүүдтэй хийсэн ярилцлага, түүнээс гарсан зөвлөмжүүдийг төслийн зөвлөх Др. Б. Эрдэнэболор, олон улсын зөвлөх Б. Пошк нар танилцууллаа. Энэхүү суурь судалгаа болон фокус бүлгүүдийн ярилцлага нь төслийн хоёрдугаар үе шатанд хийх үйл ажиллагааг төлөвлөх, хянахад чухал ач холбогдолтой бөгөөд түнш байгууллагуудын оролцоотойгоор үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлж байгааг талууд талархан хүлээж авлаа.

ХХААХҮЯ, ХААИС, Дарханы УГТХ-ийн төлөөллүүд төслийн зүгээс үр сорт, үрийн аж ахуйн чиглэлээр анхаарлаа хандуулан ажиллах, сорт сорилтын жишиг станц байгуулахыг дэмжиж ажиллахыг зөвлөсөн бол “тогтвортой хөрс хамгаалал” чиглэлээр системтэй үйл ажиллагаанууд зохион байгуулж, тариаланчдын хандлагын өөрчлөхөд анхаарч ажиллахыг хэллээ.

Уулзалтын үеэр оролцогчдод төслийн хоёрдугаар үе шатанд үндсэн гурван чиглэлийн хүрээнд хийхээр санал болгож буй үйл ажиллагаануудын жигсаалтыг тараасан бөгөөд эдгээр үйл ажиллагаануудыг ач холбогдлынх нь дарааллаар эрэмбэлхийг хүслээ. Энэхүү жигсаалтыг фокус бүлгүүдийн ярилцлагад үндэслэн боловсруулсан билээ. Оролцогч тус бүр өөрийн зүгээс хамгийн чухал гэсэн найман сэдвийг дугуйлсан бөгөөд уулзалтын үеэр дүнг нэгтгэн оролцогчдод танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд талуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсэг нь төслийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээ мэдээлэл солилцож, төслийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах зорилготой юм.

Уулзалтыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н. Ариунболд хааж үг хэллээ. Тэрээр төслийн оролцогч талуудад бүгдэд нь цаашдын ажил үйлсд нь амжилт хүслээ.

Text: Khatantuul Enkhbold

Go back