"Ургамал хамгааллын цогц арга, Талбайн хянан баталгаанд цахим технологи ашиглах нь" сургалтыг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, МХЕГ-тай хамтран ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор “Ургамал хамгааллын цогц арга, Талбайн хянан баталгаанд цахим технологи ашиглах нь“ сэдэвт сургалтыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2022 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд танхим, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулав. МХЕГ-ын нийслэл, орон нутгийн таримал ургамлын үр, хорио цээр, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын 20 гаруй улсын байцаагчид танхимын болон талбайн хоёр өдрийн сургалтад хамрагдсан бөгөөд талбайн сургалтад аймгийн тариаланчдын төлөөллөөс мөн оролцлоо.

Сургалтаар газар тариалангийн үйлдвэрлэлд хяналтыг дижитал хэлбэрээр оновчтой зохион байгуулах, тухайн бүс нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөлөөс хамааран түгээмэл болон тухайн бүс нутагт тархаагүй организмуудыг хэрхэн оношлох, тухайн бүс нутагт нутагшаагүй онц хөнөөлт организм орж ирсэн, тархсан тохиолдолд хөнөөлт организмуудтай хэрхэн тэмцэх аргын талаар танхимаар судалсан бол талбай дээр газар тариалангийн хяналт шалгалтад дрон хэрхэн ашиглах талаар сургалт хийлээ. Дроныг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласнаар богино хугацаанд талбайн хэмжээ, ашиглалт, ургацын чанар, таримлын төрөл зүйл, гадаад дотоод хорио цээртэй хөнөөлт организмуудыг тодорхойлох, хяналт шалгалтыг үр дүнтэй хийх боломж бүрдэж байна.

Сургалт нь 10-р сард хураалтын үеэр зохион байгуулагдсан тул Хэнтий аймгийн тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж,  ургац хураалтын явц, ургацын чанарыг газар дээр нь тодорхойлж, талбай дээр үүссэн нөхцөл байдал дээр бүлгээр ажиллав. Бүлгээр ажиллах явцад тариалангийн талбайд мал орсны улмаас нийт ургацын 15-20 хувь алдагдаж, тариаланчдын нөр их хөдөлмөр үнэгүйдэхэд хүрдэг асуудлыг тариаланчид ихээр дэвшүүлж байлаа.  Мэргэжлийн хяналтын байгууллагаас тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохиролыг хэрхэн шийдвэрлэх талаар тариаланчдад тогтмол зөвлөгөө өгч ажилладаг бөгөөд сургалтын үеэр Хэнтий аймгийн тариаланчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж энэ асуудлаар санал бодлоо солилцлоо.

Go back