“Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форум зохион байгуулагдлаа
ХХААХҮЯ, МХЕГ, НҮБ-ын ХХААБ, Швейцарын хөгжлийн агентлаг, ХААИС хамтран Улаанбаатар хотноо 2018 оны 4 дүгээр сарын 16-17-нд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форумыг зохион байгууллаа. Тус форумын зорилго нь таримал ургамал, түүнээс гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улмаар тэдгээрийголон улсын зарчим, чиг хандлагад нийцүүлэн шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход оршиж байлаа.
Форумд хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналт, шийдвэрлэх асуудал, ургамал хамгаалал, ургамлын хорио цээрийн чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүн, хүнсний ногооны үйлдвэрлэлд ашиглаж буй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэгчдэд тулгарч буй сорилтууд, салбарын мэргэжлийн боловсон хүчний нөөцийн хангамж, тэднийг мэргэшүүлэх, чадавхижуулах хэрэгцээ зэрэг сэдвээрҮндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба, ХХААХҮЯ, МХЕГ, ХААИС, УХЭШХ болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, танилцуулж, хэлэлцүүллээ.
Түүнчлэн НҮБ-ын ХХААБ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн урилгаар олон улсын зөвлөхүүд хүрэлцэн ирж, “Ази, номхон далайн орнуудын хүнсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд”,“ХБНГУ болон БНСУ-д хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн арга туршлага, цаашдын чиг хандлага” сэдвээр сонирхолтой илтгэл, танилцуулгуудыг хийж, оролцогчидтой санал солилцлоо.
Хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах асуудал үндэсний аюулгүй байдлын нэгээхэн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний бодлого болох хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, хүнсний баталгаа, хүнсний бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үздэг бөгөөд уг асуудал нь салбар дундын зохицуулалт шаардсан, төр засаг болон төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн нягт хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагын үр дүнгээр шийдвэрлэгдэх боломжтой билээ. Монгол улс 2017 оны байдлаар,үр тариа 238.1 мянган тонн, төмс 121.8 мянган тонн, хүнсний ногоо 82.1 мянган тонн, тосны ургамал 12.5 мянган тонныг тус тус хураан авч, гурилын хэрэгцээний 72 хувь, төмсний хэрэгцээний 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 57 хувь, тосны хэрэгцээний 7,3 хувийг тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Түүнчлэн буурцагт ургамал 83 мянган тонн, ургамлын тос 23 мянган тонн, жимс жимсгэнэ 166 мянган тонныг гадаад улсаас импортлосноор буурцагт ургамлын хэрэгцээний 100 хувь, жимс жимсгэний 94 хувь, хүнсний тосны 92 хувь импортын хамааралтай байна. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, импортыг орлох экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Форумд оролцогчид хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн чанар, гарал үүсэл, бүртгэл баталгаажаагүй, зохист дадал нэвтрээгүй, хүнсний эрүүл ахуй, бүтээгдэхүүний шошгожилт хангалтгүй, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ төлөвшөөгүй зэрэг нь асуудлуудыг дэвшүүлэн тавьж байлаа.
Эдгээрийг шийдвэрлэхийн тулд ургамал хамгаалал, хөрсний үржил шимд анхаарах, энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын түвшинг тодорхойлох, химийн бус хэрэглээг дэмжих, ургамал хамгааллын бодис, бордооны зохистой дадлыг эзэмшүүлэх, тэдгээрийн үлдэгдлийг хянах, эрсдлийг үнэлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн болно.