Ургамал хамгааллын зохистой дадлын мэргэшүүлэх сургалтын концепц боловсруулж байна

Тус төслийн нэгдүгээр үе шатнаас буюу 2013 оноос монголын тариаланчид, орон нутгийн агрономчид, мэргэжилтнүүдэд зориулан холбогдох сэдвээр мэргэжлийн сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь ургамал хамгааллын сэдэв бөгөөд өнгөрсөн онд Дархан-Уул, Хэнтий аймгуудад зохион байгуулсан онол, дадлага хосолсон “Рапс, буудайн талбай дахь ургамал хамгаалал” сургалтын үеэр оролцогчдын зүгээс тухайн сэдвээр зөвлөгөө авах, сургалтад хамрагдах хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага их байгааг илэрхийлсэн болно.

ХХААХҮЯ-наас “таримал ургамлын өвчин, хортон шавж, хог ургамал, мэрэгч амьтны тархалт, хор хөнөөлийн судалгаанд тулгуурлан химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бэлдмэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх,...”“...мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодис, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлох чадавх, хяналтыг сайжруулах” чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн ургамал хамгааллын асуудал нь хүнсний аюулгүй байдал, ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг үр бүтээлтэй зарцуулах зэрэг олон асуудлыг хамардаг чухал сэдэв юм. Ялангуяа хүнсний ногоо тариалж буй иргэдийн ургамал хамгааллын талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй байна. Төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч талуудын мэдлэг мэдээлэл, боловсрол чухал бөгөөд тэдэнд зориулсан сургалтын үйл ажиллагааг цогц байдлаар, тодорхой зорилтод бүлгүүдэд, үе шаттайгаар, тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Тиймээс “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Ургамал хамгааллын зохистой дадлын мэргэшүүлэх сургалтын концепц” боловсруулах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Бидний төсөөлж буйгаар ХААИС-ийн Ургамал хамгааллын хүрээлэн, Агроэкологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид онолын хичээлийг заах, ХАА-н техник импортлогч ААН-үүд өөрсдийн хор шүршигч техникийг талбайн дадлагын хичээлд ашиглуулах, тохируулгыг заах, ургамал хамгааллын бодис импортлогч компаниуд өөрсдийн борлуулж буй бүтээгдэхүүнийг танилцуулах зэргээр хамтран ажиллаж, сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хүргэх, харин тариланчид, ногоочид тодорхой төлбөр төлж хамрагдахаар тооцож концепцийн төслийг боловсруулж байна.

Ингэснээр хэрэглэгчид эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх, тариаланчид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн үр ашигтай бизнес эрхлэх, байгаль орчин болон хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулахын зэрэгцээ онол, практик хосолсон сургалтын шинэлэг системийг бий болгох, уг системийн тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг нягтруулах зэрэг олон эерэг үр дүнгүүдийг хүлээж байна.

Go back