“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурал

ХАА-н салбарт явагдаж буй цахим шилжилтийн үр дүнд аж ахуйн удирдлага, зохион байгуулалт сайжирч, автоматжилтын ба нарийвчлалын түвшин дээшлэх зэрэг олон давуу талууд нэвтэрчээ. Цахим технологийн хэрэглээ нь түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэ боломжуудыг бий болгож байна. Эдгээр боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахтай холбогдсон технологи, эдийн засаг, бодлогын асуудлуудыг салбарын нийт оролцогч талуудад танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор “ТХАА” төсөл, ХХААХҮЯ, ХААИС хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Тус бага хурал нь 2021 оны 11-р сарын 24-ны өдөр танхимын ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хуралд нийт 150 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцож, ХХААХҮЯ, ТХАА төсөл, ХААИС, УГТХ, МТҮХ, Арвин хур ХХК-ийн судлаач, мэргэжилтнүүд сонирхолтой итгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүллээ. Илтгэлүүдийг агуулгынх нь хувьд гурван ерөнхий сэдэвт багцалж зохион байгуулсан болно. Үүнд: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлэх үйл ажиллагаа, шийдэл” сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүд уг зорилгод хүрэх боломж, технологийн шийдлүүд, тэдгээрийг манай оронд нэвтрүүлж буй явцын талаар нэгдсэн ойлголт өгөхөд чиглэсэн бол “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлж буй туршлага, сургамж” сэдвийн дор одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, туршилт судалгааны ажлын үр дүнг танилцууллаа.

Эдгээрээс ялангуяа тариалангийн хөрсний мониторингод сенсор ашиглах чиглэлээр МТҮХ, УГТХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Буудай 2050” хөтөлбөр болон хиймэл дагуулын мэдээг ашиглах замаар үр тарианы үйлдвэрлэлийн технологийг өндөр нарийвчлалтайгаар төлөвлөж, хэрэгжүүлж буй Арвин Хур ХХК-ын туршлага оролцогчдын сонирхлыг онцгойлон татсаныг дурдах нь зүйтэй. Үдээс хойших хуралдаанд “Инновацид суурилсан газар тариаланг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, институцийн орчин” сэдвийн хүрээнд ХХААХҮЯ, ХААИС, Агрикон ХХК, ТХАА төслөөс бэлтгэсэн илтгэлүүдийг хэлэлцэж, газар тариалангийн салбарт инновацийн орчныг бэхжүүлж, олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн санал, зөвлөмжүүдийг дэвшүүллээ.

Энэхүү хурал нь Монгол орны газар тариалангийн цаашдын хөгжилд өндөр ач холбогдолтой сэдвийг хэлэлцэж, оролцогчдын хүсэн хүлээсэн мэдлэг, мэдээллийг өгч чадсан чухал арга хэмжээ болсон гэж оролцогчид үнэлсэн байна. Хурлаас гарсан бас нэг чухал үр дүн бол цахим технологийг газар тариаланд нэвтрүүлэхэд түүчээлэн ажиллаж буй эрдэмтэн судлаачид, байгууллага аж ахуйн нэгжүүдийг уулзуулж, харилцан туршлага солилцох боломжийг олгосноор судалгаа, үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдийг хооронд нь уялдуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх гарцыг нээж өгсөн явдал юм.

Go back