“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа
Дэлхийн цаг агаар сүүлийн 80 жилд 0,850С-аар дулаарсан байхад манай оронд 2,40С-аар буюу даруй 3 дахин эрчимтэй дулаарсан байна. Гэтэл энэ хугацаанд хур тунадас нэмэгдээгүй, ургамал ургалтын хугацаанд харин ч буурсан нь манай оронд газар тариалан эрхлэх нөхцөлийг улам бүр хүндрүүлж байна. Энэ нь ган, зуд, үер бороо, салхи зэрэг цаг агаар-уур амьсгалын аюулт үзэгдэл, хэт халалтын давтамж болон түүний эрчим нэмэгдэх, газрын гадаргын ууршуулах чадамж өсөж, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, улмаар усны нөөц хомсдох, таримлын ургацын хэлбэлзэл ихсэх, ургамлын хортон шавжийн дэгдэлт болох зэрэг байгаль-нийгэм, эдийн засгийн ихээхэн сөрөг үр дагавар дагуулж байгааг олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачид тогтоогоод байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг 11 сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, ХХААХҮЯ-нд амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан байна. Хуралд ХХААХҮЯ, тариалан бүхий аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, МХЕГ, ХААИС, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монгол орны Баруун, Зүүн бүсийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Монголын Тариаланчдын Үндэсний холбоо, түүний орон нутаг дахь салбаруудын төлөөлөл, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд зэрэг салбарын олон байгууллагуудын төлөөллүүд, нийт 100 гаруй төлөөлөгчид оролцжээ.
Энэхүү онол-үйлдвэрлэлийн бага хуралд Шинжлэх ухааны ололтод суурилсан газар тариалангийн хөгжил: өнөгийн байдал, цаашдын чиг хандлага/УГТХ/, Хөрсний цомхотгосон ба тэг элдэншүүлэг: ач холбогдол, шийдвэрлэх асуудлууд/МТҮХ/, Зусах буудайг бордох технологи, органик бордооны нөлөө, Хөрсний чийгэнд цомхотгосон элдэншүүлгийн үзүүлэх нөлөө, олон улсын туршлага, Тариалангийн талбайн түүх хөтлөлт, баримтжуулалт /ХБНГУ-ын мэргэжилтэн/, Усалгааны технологи, ус хэмнэх шийдлүүд, автомажуулалт, /Агрикон ХХК/, Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нийцсэн үр, сортын сонголт, үрийн аж ахуй /УГТХ/, Үр тариа, тосны ургамлын тариалан дахь ургамал хамгааллын бодисын хэрэглээ /УХЭШХ/, Буудайн ургацанд сэлгээний нөлөө /ХААИС/, Зүүн бүсийн үр тарианы тариалангийн технологи, тулгамдсан асуудлууд /МААЭШХ/, Баруун бүсийн үр тарианы тариалангийн технологи, тулгамдсан асуудлууд /УГТХ-ийн Увс аймаг дахь салбар/ зэрэг байгууллагуудын төлөөллүүд илтгэл, танилцуулга хийж оролцлоо.
Тус онол-үйлдвэрлэлийн бага хурлаас “Газар тариаланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдлийг бууруулах, дасан зохицох арга замууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, (a) салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын төвшинд, (б) сургалт, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагуудын төвшинд, (в) хэрэгжүүлэх төвшинд буюу аж ахуйн нэгжүүд, тариаланчдын төвшинд хийх ажлуудыг дэс дараатай төлөвлөж, зохион байгуулж гүйцэтгэх талаар зөвлөмжийн төсөл боловсруулсан. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд манай улс Атар 1, 2, 3-р аяныг зарлаж, амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, ургац хураах техникийг 85%, зүтгэх хүчний тракторын 75%, ХАА-н чиргүүл, дүүжин машины 65%-ийг тус тус шинэчилж, буудай, төмсний хэрэгцээгээ 100% дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.
Бидний цаашдын зорилго бол газар тариалангийн үйлдвэрлэлээ хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга технологиор эрхлэх явдал юм.