Увс, Ховд аймагт зохиогдсон „Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь“ сэдэвт сургалт
Ковид-19 цар тахлаас шалтгаалан зорчих хөдөлгөөн, нийтээр зохион байгуулагдах үйл ажиллагаа хязгаарлагдаж, ялангуяа алс хязгаар нутгуудад тариаланчдад чиглэсэн сургалтын үйл ажиллагаа 2020 оноос хойш тасалдаад байна. Энэ байдал нь тариаланчдын мэдлэг, мэдээлэл хоцрогдоход хүргэж, газар тариалангийн зохистой дадал, төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, шинээр нэвтэрч буй журам, заавруудыг нийт тариаланчдад таниулж, мөрдүүлэх ажилд саад болж байна. Тухайлбал 2019 онд батлагдсан “Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, баталгаажуулах ажлын явц ялангуяа баруун аймгуудад удаашрах хандлагатай байна.
Баруун бүсийн тариаланчдын сургалт, мэдээллийн хэрэгцээг хангах зорилгоор “Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран Увс аймагт 2021 оны 7-р сарын 19-20, Ховд аймагт тус сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын эхний өдөр танхимын сургалт, хоёр дахь өдөр талбайн сургалт зохион байгуулсан бөгөөд оролцогчдын тоог танхимын сургалтанд 20, талбайн сургалт 35-аас хэтрүүлэлгүйгээр, цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллалаа. Хоёр аймагт зохиогдсон сургалтанд нийтдээ 66 хүн оролцжээ.
Оролцогчдыг төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, өрхийн тариаланчид голчлон бүрдүүлсэн бөгөөд орон нутгийн ХХААГ-ын удирдлага, мэргэжилтнүүд ч энэ боломжийг ашиглан мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, салбарын яамны төлөөлөл, сургагч багш нар, оролцогчидтой мэргэжлийн ба цаг үеийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Сургалтаар үр тариа, тэжээл төмс, хүнсний ногооны тариалангийн технологи, үр сорт, бордоо, ургамал хамгаалал, усалгаа, ургац хураалт, хадгалалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, түүний баталгаажуулалт, төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, тариаланчдад үзүүлж буй дэмжлэгүүд, шинээр батлагдсан журам, зааврууд зэрэг төрөл бүрийн сэдвээр оролцогчдод цогц ойлголт өгч, технологийн мэдлэгийг талбайн сургалт, дасгал ажлаар бататгаж ажиллалаа. ХХААХҮЯ, ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төвийн шинжээч, мэргэжилтэн, ХААИС, УГТХ-ийн эрдэмтэн зөвлөхүүд сургагч багшаар ажиллаж, танхимын ба талбайн сургалтыг удирдан явууллаа.