Өвөрмонголын Ганхе мужид хэрэгжиж буй германы төслөөс туршлага судаллаа

Төслийн туршилтын талбай дээр

БНХАУ-ын Өвөрмонголын Ганхе мужид хэрэгжиж буй Герман-Хятадын хөдөө аж ахуйн төслийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аяллыг 8 дугаар сарын 27-30-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Аяллын бүрэлдэхүүнд төслийн загвар аж ахуйн нэгжүүд болох “Агрокомплекс” ХХК, “Элит-Үр” ХХК, түүнчлэн “Аммак МГЛ” ХХК, “Хишигтэн Нүүдэлчин” ХХК, Увс аймгийн ҮХААГ-ын төлөөлөл болон төслийн мэргэжилтэн  зэрэг нийт 8 хүмүүс хамрагдсан болно.

Герман-Хятадын хөдөө аж ахуйн төсөл 2009 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд хятадын зүүн хойд мужид орчин үеийн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Аяллын эхний өдөр төслийн зорилго, үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа. Түүнчлэн техник, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, тэдгээрийн арчилгаа, тохиргоо, засвар үйлчилгээний талаар чөлөөтэй  харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Төлөөлөгчдийн анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл бол төслийн хүрээнд тавьсан үр сортын туршилт, судалгааны ажлууд байлаа. Жил бүрийн байгаль, цаг уурын нөхцөл байдал өөр өөр байдагт тохируулан таримлыг жил бүр онцлог технологиор тарих нь зүйтэй гэдгийг төслийн удирдагч Хорст Бунгэ зөвлөж байлаа.

Мөн төсөл амжилттай хэрэгжиж буй үндсэн нөхцөл нь боловсон хүчин, хөдөө аж ахуйн техник, хөрс, таримлын хоорондын уялдааг сайн хангаж өгсөнд оршино. Тэдгээр нь төслийн удирдагч төсөл эхлэхэд хамгийн түрүүнд 2 хятад туслахаа 6 сарын хугацаатай Герман улсад ажиллуулж туршлага судлуулсан, өөрөө ХАА-н техникийн сургалтуудад хамрагдсан, жил бүр хөрсний дээжийг нарийн судалж, ашиглах бордоог төлөвлөдөг, үр сортын технологийг чанд  баримтладаг зэргээр илэрнэ.

Энэхүү төсөл маань германы хөдөө аж ахуйн орчин үеийн техник, технологийг Хятад улсад нэвтрүүлсэн анхны загвар аж ахуй, салбарын мэргэжлийн боловсон хүчнийг практикт суурилсан хөтөлбөрөөр дадлагажуулах  сургалтын төв, олон жил фунгицидэд бохирдсон талбайг эрүүлжүүлж, өндөр ургац авдаг болсон амжилтаараа олон олон тариаланчдын очиж үзэхийг хүсдэг газар болжээ.

Энэ удаагийн аялалд оролцогчид маань аяны богц дүүрэн ирлээ.

Бид бүхнийг хүлээн авч, арга туршлагаа харамгүй хуваалцсан Хорст Бунгэдээ урт насалж, удаан жаргахын ерөөлийг дэвшүүлье.   

Go back