Хайлбронн хотын төмсний талбайн өдөрлөгт оролцлоо

Төмсний талбайн өдөрлөгийн үеэр

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг  чиглэл нь германы төмсний сортуудыг монгол орны нөхцөлд турших, судлах, нутагшуулах билээ. Энэ хүрээнд германы богино хугацааны мэргэжилтэн Марк Митчке манай улсад 3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч, танхимын болон талбайн сургалтыг зохион байгуулсан. Түүний урилгаар Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмсний тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд ХБНГУ-ын Хайлбронн хотод 2015.07.12-19-ны хооронд зочилж, туршлага судлаад ирлээ.

Тус аяллын бүрэлдэхүүнд Жаргалант сумын “Арвинбат” ХХК-ийн агрономич К.Баярт-Од, “Жаргалант газар шим” ХХК-ийн захирал Г.Батбаяр, “Алтан залаа” ХХК-ийн инженер Б.Алтанхуяг, Мандал сумын “Нарлаг хараа” ХХК-ийн захирал Т.Баяр нар, төслийг төлөөлж хөтөч, орчуулагч, зохион байгуулагч Ц.Гомбожав багтсан болно.

Аяллын явцад төмсний үйлдвэрлэл эрхэлдэг хэд хэдэн ААН-үүд, техник борлуулагч байгууллагуудаар зочилж, германы төмсний үйлдвэрлэл, төмс хураах техник, технологи, хадгалалт, тээвэрлэлт, цэвэрлэгээ, ангилалт, савлагаа, шошгожуулалттай газар дээр нь танилцаж, төмсний борлуулалтын сүлжээ, үнэ өртөг, хоршооны талаар санал солилцож, яриа өрнүүлсэн болно.

Биднийг урьсан “Төмсний зөвлөх алба” байгууллагын зохион байгуулсан “Төмсний талбайн өдөрлөг-2015” үйл ажиллагаанд 300 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрийн байгууллагын танилцуулга, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байлаа. Төмс хураах техникүүд зэрэгцэн хураалт хийж байсан нь хэрэглэгчдэд брэндүүдийг харьцуулах, үнэлэх, сонголт хийх боломжийг олгож байснаараа онцлог байв. Түүнчлэн төмсний үр үйлдвэрлэгч Солана ХХК-ийн захирал германы төмсний зах зээлийн талаар танилцуулга хийсэн нь олон хүний сонирхлыг татсан.  

Товчхондоо Герман улс нь газар тариалангийн олон зуун жилийн түүхтэй, техник, технологи өндөр хөгжсөн, талбайг бүрэн дүүрэн ашигладаг, нэг талбайгаас авах ургацын хэмжээ их, хөрсийг маш сайн бордож, үржил шимийг байнга сайжруулж байдаг зэрэг манай аялагчдад үзэх юм их, хариад ярих зүйл олон байлаа. Энэ удаагийн аялал маань Монгол ардын хэлц үгэнд байдаг “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үг биеллээ олсон амжилттай сайхан ажил болсон.

Манай аялагчид герман анд нөхөддөө арвин их ургац хураахын ерөөлийг дэвшүүлж, эргэн уулзахын ерөөл тавьж, нутгийн зүг хөлгийн жолоо татлаа.

Go back