“Хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийн менежмент, даатгалын тогтолцоо”
Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь байгаль, цаг уураас шууд хамааралтай, ургацын гарц, бүтээгдэхүүний чанарт тухайн жилийн хур тунадас, байгаль, цаг уурын байдал чухал нөлөөтэй байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх хандлагатай байна. Манай орны газар тариалангийн бүс нутаг нь тариалан эрхлэхэд таатай бус бөгөөд хур тунадасаар ядмаг билээ. Тиймээс усалгаагүй тариалалт нь өндөр эрсдэлтэй салбар бөгөөд байгалийн гамшгийн улмаас үйлдвэрлэгчид үүсэх хохирлыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бодлогоор зохицуулдаг олон улсын жишиг байна. Энэ үүднээс ХХААЯ-ны хүсэлтийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийн менежмент, даатгалын тогтолцоо” сэдэвт семинарийг зохион байгууллаа.
Семинарт ХБНГУ-ын Даатгалын нэгдсэн холбооны зөвлөх Др. Гунтер Простинак болон Райнланд Фалц мужийн Малын эрүүл мэндийн сангийн захирал Др. Роланд Лабоом нар уригдаж, Европын холбооны ХАА-н даатгалын тогтолцоо, мал, амьтны гаралтай өвчний эрсдэлийг бууруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийн менежмент сэдвүүдээр салбарын мэргэжилтэнгүүд, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөгчдөд мэдээллэсэн бол яамнаас тариалангийн даатгалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, “ХААДД” ХК-иас газар тариалангийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Малын индексжүүлсэн даатгал, түүний үр өгөөж сэдвээр танилцуулга хийж, харилцан мэдээлэл өгч, санал солилцсон.
Семинарт оролцогчид Монгол улсад газар тариалангийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг тодорхойлж, улс, орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн салшгүй нэг хэсэг болохыг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл газар тариалангийн үйлдвэрлэл эрсдэлд өртвөл ажлын байрны тоо цөөрөх, ажилгүйдэл нэмэгдэх, өрхийн орлого буурах, газар тариалангийн бүтээгдэхүүний хэмжээ багасах, үнэ нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Иймээс уг салбарыг эрсдэлд өртүүлэхгүй байхад анхаарах нь чухал. Эрсдэлд өртсөн ч түүнийг хохирол багатайгаар даван туулах хэрэгтэй. Олон улсын жишиг, хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд, төрөөс газар тариалангийн ААН-үүд, тариаланчдыг давхар даатгалд хамруулан, хураамжийн тодорхой хэсгийг төрөөс төлдөг байна. Түүнчлэн, Герман улсын жишээгээр даатгуулагчдын хураамжийг төвлөрүүлсэн сан байгуулах, гамшигийн тохиолдолд тухайн сангаас нөхөн төлбөр олгох бөгөөд сангийн хөрөнгө шавхагдсан тохиолдолд улсаас дэмжлэг үзүүлдэг, улсын хөрөнгө дутагдсан томоохон хохирол учирвал Европын холбооноос нөхөн төлбөр олгодог тогтолцоо байна.
Семинарийн үр дүнд оролцогчид манай орны даатгалын тогтолцоо, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, газар тариалангийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, хөгжүүлэх чиглэлээр гурван хувилбар бүхий санал боловсруулсан юм. Тус саналаа 2015 оны 12 сарын 22-ны өдөр ХААИС дээр зохион байгуулагдсан “Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах өргөтгөсөн хэлэлцүүлэг”-т танилцуулж, ажлын хэсэгт өргөн барьсан болно. Тус хуулийн төсөл УИХ-ын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа байна.