“Хөдөө аж ахуйн техникийн практикт суурилсан заах арга зүй” сургалт зохион байгуулагдлаа

Холбооны ХХААЯ, МУ-ын ХХААЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ээлжит сургалтыг 2015 оны 11 сарын 02-06 өдрүүдэд Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехникийн коллежтой хамтран зохион байгууллаа.

Сургалтад ХААИС-ийн Инженерийн сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехникийн коллеж, Орхон, Булган, Дархан-Уул аймгуудын болон Төв аймгийн Баянчандмань, Заамар сумдын МСҮТ-үүдийн нийт 20 гаруй багш нар хамрагдсан юм.

Сүүлийн үед ХАА-н салбарт орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж өргөнөөр нэвтэрч, түүнийг бүрэн хүчин чадлаар нь үр ашигтай ашиглах, ажиллуулах боловсон хүчнийг чанартай бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бөгөөд юуны өмнө багш нарыг чадавхижуулах нь нэн чухал юм. Энэ утгаараа Германы ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас ХАА-н үйлдвэрлэл, техникийн тохиргоо, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлийн хичээлийн онцлог, заах арга зүй, туршлага сэдвээр Монголын багш нарыг мэдээлэл, мэдлэгээр хангахад тус сургалтын гол зорилго чиглэгдсэн юм.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн герман талын түнш байгууллага болох “ДОЙЛА Нийнбург” ХХК нь энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгуулсан бөгөөд манай улсад 2013 оноос өнөөдрийг хүртэл нийт 9 удаагийн талбайн сургалтад давхардсан тоогоор 200 гаруй хүмүүсийг хамруулжээ. Тус байгууллага 1926 онд байгуулагдсан, нийт 60 гаруй багш, ажиллагсадтай, багш нарын ихэнх нь хувийн аж ахуйтай, тэндээ туршилт, дадлага хийж өөрсдийгөө хөгжүүлдэг, нэг дор 250 гаруй хүмүүсийг байрлуулах зочид буудалтай, ХАА-н коллеж, МСҮТ-ийн суралцагчид болон насан хүрэгчдэд практикт суурилсан сургалтыг долоо хоногт 1 – 5 өдрийн, түүнчлэн байгууллагын захиалгаар ААН дээр очиж төлбөртэй сургалтыг зохион байгуулдаг. Ижил төстэй сургалтын төвүүдээс дадлагад суурилсан сургалтыг чадварлаг зохион байгуулдгаараа ялгардаг.

Энэ удаагийн сургалт нь зөвхөн багш нарт зориулсан бөгөөд хичээлийн агуулга, шинэ мэдээлэл, шинэлэг арга барил, онолоос илүүтэй дадлагад тулгуурлан заах, ирээдүйд чиглэсэн сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үзүүлэн, материалыг хэрхэн хийх зэрэг сонирхолтой сургалт байсныг оролцогчид онцолж байв. Мөн Германы сургалтын төлөвлөгөөг яамнаас ерөнхийд нь чиглүүлдэг, харин гол агуулга, сэдвийг дороос буюу ХАА-н ААН, мэргэжлийн холбоод, тариаланчдын саналыг үндэслэж тодорхойлдог сургалтын тогтолцоотой танилцаж, манай оронд нэвтрүүлэх боломжтой талаар саналаа хэлж байсан. Энд хамгийн гол зүйл бол тухайн мэргэжилтэн ямар чадвар эзэмшсэн байх хэрэгтэйг тариаланчид захиалдаг гэсэн үг юм.

Тус сургалт зорилгодоо хүрсэн, амжилттай зохион байгуулагдсан, шинэ мэдээлэл, шинэлэг арга зүйг таниулсан, ач холбогдолтой сургалт боллоо гэж сургалтад оролцогчид дүгнэсэн бөгөөд энэ чиглэлийн багш нарт зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгцээтэйг хэлж байлаа.

Go back