Ногоон долоо хоног/ ХАА-н сайд нарын дээд хэмжээний 9 дүгээр чуулга уулзалтад оролцлоо
ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмитийн урилгаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Берлин хотноо зохиогдсон “Ногоон долоо хоног” олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, ХАА-н сайд нарын дээд хэмжээний 9 дүгээр чуулга уулзалтад оролцлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтэс, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Малын удмын сан, “Монгол хүнсний ногоо” төсөл болон Төв аймаг дахь Махны үйлдвэрийн төлөөллүүд багтан ажилласан болно.
Хөдөө аж ахуйн олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг энэ онд 82 дахь жилдээ Берлин хотноо зохион байгуулагдсан бөгөөд нийт 1731 аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан бөгөөд өдгөө хүнс, хөдөө аж ахуйн салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болоод байна. Үзэсгэлэн яармагийн үеэр уламжлалт ёсоор “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт” 9 дэх жилдээ зохиогдсон бөгөөд энэ жил нийт 83 орны Хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар оролцож “Хөдөө аж ахуй ба ус- дэлхийн хүнсний түлхүүр” зөвлөмжийг баталсан юм.
Чуулга уулзалтын үеэр сайд П.Сэргэлэн Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд ноён Кристиан Шмит, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн сайд Хан Чангфү, Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загасны яамны Гадаад харилцаа хариуцсан дэд сайд нартай уулзаж халуун дулаан найрсаг яриа өрнүүллээ.
Тус айлчлалыг манай “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс зохион байгуулсан бөгөөд айлчлалыг нэг чухал сэдэв нь “Хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалт, хадгалалт, тээвэрлэлт” байлаа. Энэ хүрээнд Монгол орны төмс, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг боловсронгуй болгох асуудлаар зөвлөх Карл Шмицтэй уулзаж санал солилцов. Түүнчлэн Германы чацаргана тариалалт, боловсруулалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Кристине Бергэр ХХК, Берлин хотоос хойд зүгт 200 гаруй км алсад байрла хүнсний нарийн ногооны үйлдвэрлэл эрхэлдэг “Меклэнбург Эрнтэ” ХХК, Хөдөө аж ахуй, загас агнуурын судалгааны төв, Хүнсний ногоо тариалагчдын төв болон улсдаа цэцэрлэгжүүлэлт, үр үржүүлгийн чиглэлээр гуравдугаарт орох Швантеланд ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, төлөөллүүдтэй уулзаж санал солилцож, туршлага судлав.
Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч “ИАК Аграр консалтинг” ХХК-ийн захирал, “ГФА Консалтинг Групп” байгууллагын захирал нар монголын төлөөлөгчдөд оройн зоог барьж, уулзалт зохион байгуулахдаа Монгол, Германы хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны илрэл болсон “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагаа болон хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон болно.
Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг болон "Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-GFFA-Global Forum for Food and Agriculture 2017”-үйл ажиллагаанд сайдын түвшинд оролцсоноор найрсаг хамтын ажиллагаатай улс орнуудын хөдөө аж ахуйн сайд нартай 2 талын уулзалтуудыг нэг айлчлалаар хийж, тулгамдаад байсан томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байснаараа тус айлчлал онцгой ач холбогдолтой болов. Хүнсний ногооны үйлдвэрлэлийн чиглэлээр Герман улсын холбогдох албаны хүмүүс болон уг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзаж газар дээр нь танилцаж туршлага судалсан нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц боллоо.
Зөвлөх Карл Шмицийн “Монгол орны хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг боловсронгуй болгох” чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, зөвлөмжид Монгол Улсын Хоршооны тухай хууль болон Хөдөө аж ахуйн хоршооны тухай хуульд борлуулалтаараа нэгдсэн, ашгийн төлөө худалдааны хоршоо байх хэрэгтэйг зөвлөж байлаа. Тэрээр дээрх хуулийн төсөл боловсруулах ажилд зөвлөж ажиллахад боломжтой гэдгээ илэрхийлсэн болно.
Text: Gombojav Tsermed