Хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулахын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ноён К. Шмиц ажиллаа
Монгол Улсын ХХААЯ нь 2013 оноос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний болон жижиглэнгийн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал төмс, хүнсний ногоо тариалдаг 63.000 орчим иргэд, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлж, “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” төслийг эхлүүлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд тариаланчид, зоорь, агуулах, бөөний болон жижиглэн худалдааны төвүүд цаашид яаж харилцан ашигтай хамтран ажиллаж болох вэ, хэрэглэгчдийг хямд үнэтэй, чанартай төмс хүнсний ногоогоор хэрхэн хангах вэ, ингэхэд төрийн оролцоо ямар байх вэ, хууль эрхзүйн орчин ямар байх вэ зэрэг асуудлууд өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа билээ.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Монгол Улсын ХХААЯ-нд газар тариалангийн тодорхой сэдвүүдээр бодлогын зөвлөгөө өгөх ажлынхаа хүрээнд энэ сарын 19-25 хооронд ХБНГУ-аас зоорь, агуулах, хоршоологчдын холбооны чиглэлээр мэргэшсэн ноён Клаус Шмиц-ыг Монгол Улсад зөвлөх мэргэжилтэнээр урьж ажиллуулаад байна. Тэрээр өнгөрсөн оны 10-р сард энэ ажлын хүрээнд Монголд ажилласан бөгөөд энэ хугацаанд ХХААЯ-ны ГТБХЗГ-т бодлогын зөвлөгөө өгч мөн Улаанбаатар хот орчмын хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, худалдааны төвүүд, хоршоологчдын холбоодын үйл ажиллагаатай танилцсан юм. Ноён Шмицын өгсөн зөвлөмжийн дагуу олон ажлууд эхлээд байгаагийн нэг нь “менежментийн загвар” боловсруулах ажил юм. Энэхүү загварыг боловсруулахад Европын холбооны тэр дундаа Германы загвараас суралцах, туршлага судлах, нэвтрүүлэх ажлууд шат дараалалтай хийгдэхээр төлөвлөгдөөд байна.
Энэ удаагийн томилолтын үеэр ноён Шмиц нь ХХААЯ-аас зарласан судалгааны, зөвлөх үйлчилгээний тендерт гүйцэтгэгчээр шалгараад байгаа “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийг холбоо”, “Монголын логистикийн холбоо”, “Монголын хоршоологчдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөллүүдтэй түлхүү хамтран ажилласан бөгөөд Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Орхон сумын төмс, хүнсний ногоо тариалагч зарим иргэд, ААН-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөдөө орон нутагт ажиллаж байхад тариаланчдын зүгээс дараахь санал санаачлагууд ихээр гарч байлаа. Тэдгээрийн заримаас дурдвал:
- Орон нутагт зоорь, агуулах байгуулах, ингэснээр намрын сэрүүнтэй уралдаж ургац хураадаг, цаг завгүй үед тариаланчдын тээврийн зардлыг бууруулах нөхцөл бүрдэнэ;
- Дундын худалдаачнаар дамжуулахгүйгээр эцсийн хэрэглэгчдийг үнэ хямд, шинэ бүтээгдэхүүнээр хангах, ингэхдээ хотын захад ногоочид өөрийн бүтээгдэхүүнийг өөрсдөө зардаг захыг байгуулах;
- Төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд, ААН-үүдэд улсаас урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмж, усалгааны систем, үр, бордоо, ургамал хамгааллын бодис, түлшийг эргэн төлөх нөхцөлтэйгээр, тодорхой хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох;
- Хотын орчимд баригдаад байгаа зоориудын түрээсийн төлбөр өндөр байна. Түүнийг бууруулах арга хэмжээ авах;
- Төмс, хүнсний ногооны тариалалтад шаардлагатай орчин үеийн дэвшилтэт техникүүд болох трактор, агрегатуудыг төрөөс бодлогоор дэмжиж, парк шинэчлэлт хийх;
- ХАА-н техникийн мэргэжлийн ажилтан бэлтгэх, мэргэжлийн зөвлөгөө, техник, технологийн сургалтуудыг зохион байгуулах..... зэрэг болно.
Зөвлөх ноён Шмицын зөвлөмжүүдээс дурьдвал:
- Улсын хэмжээнд ойролцоогоор 63.000 ногоочид байдаг, тэдгээрийг хоорондоо нэгдэж, дундын хоршоо байгуулах санал, санаачлагыг дэмжих, ингэснээр хоршоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, хөдөлмөрийн хуваарьт дэвшилт гарч, зардлыг бууруулах боломжтой;
- Жилийн турш төмс, хүнсний ногооны борлуулалтын үнэд судалгаа хийх;
- Хуурай, тал хээрийн бүсэд ургах чадвартай төмс, хүнсний ногооны шинэ сортуудыг турших, нутагшуулах ажлыг эрчимтэй эхлүүлэх;
- Төрөөс зоорь, агуулахын зориулалтаар ашиглахаар зээл авсан ААН-үүд болон ногоочдыг уулзуулж, тэдгээрийн харилцаанд зохицуулалт хийх. Тухайлбал, зоорины эзэн дундын хоршооны ногоог ихээр, урт хугацаанд хадгалснаар зоорины ашиглалт нэмэгдэж, жилийн турш ногоо хадгалж орлогоо нэмэгдүүлнэ, гэхдээ түрээсийн төлбөрөө бууруулах ёстой. Тэгвэл ногоочин хямд үнээр ногоогоо зооринд хадгалуулж, хавар 4-5 дугаар сараас эхлэн бүтээгдэхүүнээ үнэ хүргэж худалдаалах боломжтой. Ингэснээр намар ургац хураалтын дараа нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдэж, бүтээгдэхүүний үнэ хэт доогуур болохоос сэргийлнэ.
- Ногоочид тариалалтын үед банкнаас зээл авсан, түүнийгээ буцаан төлөх шаардлагатай байдаг тул энэ үед нь Засгийн газраас хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг олгох нь зүйтэй. Ногоочин зоориндох ногоогоо барьцаалан зээл авч, хавар ногоогоо худалдаалсны дараа буцаан төлөх боломжийг бүрдүүлэх. Засгийн газраас зээл авч баригдсан орчин үеийн, чанарын шаардлага хангасан зоориудад ногоогоо хадгалуулсан иргэд аж ахуйн нэгжүүд энэхүү зээлэнд хамрагдах эрхтэй байдлаар зохицуулалтыг хийх.
- Засгаас зээл авсан зарим ААН-үүдийн зоорины барилгын ажил бүрэн дуусаагүй, ногоо хадгалж эхлээгүй байхад бондын эргэн төлөлтийн хугацаа эхэлсэн нь тэдэнд хүндээр тусаж байна. Тиймээс төр засгийн зүгээс энэхүү бондын эргэн төлөлтийн хугацааг дахин нягталж үзэх нь зүйтэй.
Бодлогын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хийснээр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, ногоочид бүтэн 2 жилийн хөдөлмөр шингээсэн бүтээгдэхүүнээ дундын худалдаачдад хямдаар үнэлэхгүй, олон мянган хүн ажлын байртай, орлоготой байх, олон ААН-үүд зээлийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх зэрэг болно.