Холбооны сортын агентлагаас зөвлөхүүд ирж ажиллалаа

Таримал ургамлын сорт сорилтын салбарыг сэргээх, үрийн аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Холбооны Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харъяа Холбооны сортын агентлаг/ХСА/-ийн мэргэжилтэн хатагтай Фрийдхилде Траутвайн, ноён Франк Кюфнер нарыг 2017 оны 09-р сарын 24-27 хооронд Монгол улсад урьж ажиллууллаа.
Хатагтай Траутвайн энэ хугацаанд ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй албан уулзалтууд хийсэн бөгөөд 2017 оны 09 сарын 26-ны өдөр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчлэн найруулах төсөл боловсруулах ажлын хэсгийхэнтэй дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр хатагтай Траутвайн ХСА-ийн үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг мөн ХБНГУ-ын үр, сортын тухай хуулийн түүхэн замналыг танилцууллаа. Ялангуяа Германы Сорт хамгаалах тухай хууль нь селекцичид, тариаланчдад төдийгүй нийгэмд ямар үр ашигтай, нөлөөтэй байдаг тухай дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь таримал ургамлын үр, сортын эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай цаашид хамтран ажиллах талаар тус байгууллагын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ санал солилцсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд ХСА-ийн оролцоо, дэмжлэгийн талаар ярилцлаа.
Ургамал газар тариалангийн хүрээлэн/УГТХ/-д зохион байгуулагдсан уулзалтын үеэр хүрээлэнгийн зүгээс ялангуяа, сорт, үрийн чиглэлийн мэргэжилтнүүд, судлаачдыг мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах чиглэлээр ХСА-тай нягт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. ХСА-аас УГТХ-д нийлүүлсэн техник, тоног төхөөрөмж нь хүрээлэнгийн сорт сорилтын чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлуудад томоохон хувь нэмэр, хөрөнгө оруулалт болохыг цохон тэмдэглэллээ. Эдгээр техникт дэвсгийн комбайн, борной, бул, сийрүүлүүр, үрлэгч, төмс ухагч, хор цацагч зэрэг нийт 22 нэр төрлийн хөдөө аж ахуйн техникүүд багтаж байна.

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2017 оны 09 сарын 25-26-ны өдрүүдэд хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд дээрх техникүүдийн ашиглалт, арчилгаа, засвар үйлчилгээ сэдвээр сургалт хийж, зөвлөгөө өгч ажиллалаа. Тус сургалтыг ХСА-ийн Дахвиг хотын сорт сорилтын салбарын мэргэжилтэн ноён Франк Кюфнер удирдан явууллаа. Ноён Кюфнер  техникийг урт хугацаанд, үр ашигтай ашиглахын тулд намар ажлын дараа битүү байранд хадгалах, хөлдөж болзошгүй шингэнүүдийг асгаж, цэвэрлэх, зэвэнд идэгдэх метал гадаргууг ажилласан тос эсвэл түлшээр арчих, техник, тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээг үйлдвэрээс заасан хугацаанд чанартай гүйцэтгэх нь чухал болохыг зөвлөж байлаа.
ХСА-аас Таримал ургамлын сорт сорилтын салбарыг сэргээх, үрийн аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх ажилд Монголын талын байгууллагуудыг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд ялангуяа “Таримал ургамлын үр, сортын тухай хууль”-ийг шинэчлэн найруулах явцад хуулийн төсөлд бодлогын зөвлөгөө, санал өгөх, холбогдох сэдвүүдээр туршлага солилцох, түүнчлэн 2018 онд ХСА-ийн сорт сорилтын төвүүд дээр сортын бүртгэлжүүлэх сорилтын чиглэлээр УГТХ-ийн дахин нэг мэргэжилтнийг сургалтад хамруулах боломжтойг илэрхийллээ.

Go back