“Хөрс хамгаалал нь – тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” зөвлөгөөн
2015 оныг НҮБ-аас “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан Герман-Монголын хамтын ажиллагааны „Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс оны 11-р сарын 24-25 өдрүүдэд “Хөрс хамгаалал нь – тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөнийг ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд ШУА-ын Геоэкологи-Газар зүйн хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, УГТЭШХ, ГХГЗЗГ, ХХААЯ болон тариалан эрхэлдэг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож тариалангийн хөрсний элэгдэл эвдрэл, түүнээс хамгаалах арга зам, дэвшилтэд технологи, техникийн сонголт болон бордооны хэрэгцээ шаардлага ба үйлвэрлэлийн талаар илтгэлүүд сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус зөвлөгөөний зорилго нь олон улсын болон дотоодын судлаачид, эрдэмтэд, төр, хувийн хэвшлийнхэн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах арга зам, технологийн талаар харилцан туршлага солилцож, хөрсөнд ээлтэй тариалалтын технологийн талаар зөвлөмж боловсруулахад оршисон юм.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Р. Бурмаа зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрээр “Тариалангийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн эрхэм үүрэг нь баялагийг бүтээгч хөрс, түүний үржил шимийг хамгаалах үйл ажиллагаа байх ёстой... Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт магадгүй бид бүхэнд илүү тодоор мэдрэгдэх боллоо. Бидэнд бодитой тулгарч байгаа эдгээр бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах арга замыг бид хамтдаа хэлэлцэхээр энд цугларлаа.” гэж хэллээ.
Тус зөвлөгөөнд дотоодын судлаачид, эрдэмтдээс гадна ХБНГУ-ын Халле-Витенбергийн их сургуулийн судлаач Патрик Иллигер, Австри улсын Хөрс судлалын их сургуулийн эрдэмтэн др. Ёханнес Тинтнер болон хөрс боловсруулах техник үйлдвэрлэдгээрээ дэлхийд танигдсан Лемкен ХХК-ийн зөвлөх ноён др. Фок нар мэргэжлийн илтгэл тавин оролцлоо. Ноён Иллигер Монгол орны байгаль цаг уурын нөхцөлтэй ижил төстэй өмнөд Сибирийн газар тариалангийн бүс нутагт хэрэжүүлсэн КУЛУНДА төслийн жишээн дээр хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах арга хэмжээний талаар танилцуулсан бол ноён Др. Фок эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурай бүс нутагт тогтвортой хөрс боловсруулах болон, тарилт хийх технологийн талаар илтгэл тавьлаа. Харин ноён др. Тинтнер хөрсний органик нэгдлийг хэрхэн тогтвортойгоор хадгалж үлдэх талаар өөрийн судалгааны ажлыг танилцууллаа.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурайшилт ихтэй бүс нутгуудад хөрсний элэгдэл эвдрэл эрчимтэй явагдаж байгааг зөвлөлгөөний үеэр дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын илтгэлд орсон судалгааны үр дүн нотолж байлаа. Хөрсний элэгдэл эвдрэл нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортойгоор хөгжүүлэхэд ихээхэн саад бэрхшээл учруулах тул түүний эрчмийг сааруулах, хөрсний үржил шимийн үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөлгөөнөөс дүгнэлээ.
Тус зөвлөгөөнөөс гарсан үр дүнг ажлын хэсэг боловсруулан, нэгтгээд ХХААЯ, салбарын бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад зөвлөмж хэлбэрээр хүргүүлэхээр ажиллаж байна.