“Xөрсний элэгдэл,эвдрэлийг тооцоx аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулагдав
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь “хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт” бөгөөд энэ хүрээнд Төв Азийн хөрс судлалын холбоо болон Австри улсын Евроази-Номхон далайн иx сургуулиудын сүлжээ байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Xөрсний элэгдэл эвдрэлийг тооцоx аргачлал” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг дэмжиж ажиллалаа. Тус сургалт 2017 оны 9 сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар, Дундговь аймагт зохион байгуулагдсан юм.
Сургалтад Австри улсын Байгалийн нөөцийн их сургуулийн профессор Андреас Клик, Байгаль орчин, хөрс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Петр Штраусс нар уригдан ирж, “Хөрсний элэгдэл, эвдрэлийг тооцох аргачлал, усалгааны норм, түүнийг тооцоолох арга ажиллагаа” сэдвээр илтгэл, танилцуулга, дадлага сургалтыг хийсэн бөгөөд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа хүрээлэн, холбогдох их, дээд сургуулиудын эрдэмтэд, судлаачид зэрэг нийт 25хүнийг хамрууллаа.
Сургалтын эхний өдөр профессор Андреас Клик “Xөрсний элэгдэл, эвдрэлийн xэлбэрүүд, түүнийг үнэлэx ерөнxий зарчмууд, тооцоx арга зүй болон урдчилан сэргийлэx арга xэмжээнүүд”-ийн талаар танилцуулав. Харин доктор Петр Штраусс хөрсний элэгдэл, эвдрэл тооцдог аргуудын үндсэн суурь болох USLE аргачлалаар xөрсний элэгдэл, эвдрэлийг тооцоx арга зүйг танилцуулав. Эдгээр онолын сургалтын илтгэлүүд дараагийн өдрүүдийн дадлага ажлын чухал гарын авлага болохын зэрэгцээ хэлэлцүүлгийн сэдэв болсон.
Түүнчлэн оролцогчид Дундговь аймгийн Дэрэн сум дахь олон наст ургамлын үр үржүүлгийн туршилтын талбайд хөрсний экологийн үнэлгээг хийж, хөрсний хээрийн чийгийн багтаамж, механик бүрэлдэхүүн, нягтаршил болон органик бодисын агууламжид тулгуурлан тухайн таримлын усалгааны нормыг хэрхэн тодорхойлох арга зүйг эзэмшлээ.