ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан айлчлалын баг ХБНГУ-д туршлага судлалаа

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны анхдугаар хурлыг ХБНГУ-д зохион байгуулахтай холбогдуулан ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид тус улсад 2016.11.12-19-ний өдрүүдэд томилолтоор ажиллаад ирлээ. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Дэд сайд Ж.Сауле, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, БТГ-ын ахлах мэргэжилтэн М.Алтансүх, ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү, МАБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл нар багтсан болно. Тус айлчлалаар ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах сонирхолоо баталгаажуулж ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ХХХААЯ-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Петр Блезертэй Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд, төсөл хэрэгжүүлэгч “ИАК Аграр Консалтинг” ХХК-ийн Ерөнхий захирал Дийтер Кюнстлингтэй уг төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурлаа

Уг айлчлалыг дэлхийн мал аж ахуйн томоохон үзэсгэлэн болох ЕuroTier 2016 үзэсгэлэн яармагийн үеэр зохион байгуулснаар бага хугацаанд ихээхэн мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Төлөөлөгчид Холбооны Сортын Агентлагт зочилж, Германы болон Европын Холбооны таримал ургамлын үр, сортын талаарх бодлого, эрхзүйн орчин, үрийн аж ахуйн тогтолцоо, сортын хянан баталгаажуулалт, зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалдаг талаар мэдээлэл авч, туршлага солилцлоо. Энэ байгууллага “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөр дамжуулан Монгол Улсын сорт сорилтын салбарыг сэргээн байгуулах ажлыг дэмжиж, өөрийн салбар станцуудад ашиглаж байсанч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой, тусгай зориулалтын багаж, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжтой гэдгийг илэрхийлсэн юм.

Үүний зэрэгцээ сортын туршилт судалгааны ажилд хоёр монгол эрдэм шинжилгээний ажилтныг дадлагажуулъя гэж тохиролцлоо. Энэхүү айлчлалын хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь тариалангийн даатгалын сэдэв бөгөөд германы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, даатгалын компаниудтай уулзаж, Монгол орны байгаль, цаг уур, тариалангийн технологи, талбайн тархац зэргийг тооцон даатгалын ямар бүтээгдэхүүн тохиромжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн монгол талыг тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах ажилдаа мэдээлэл солилцох, зөвлөгөө авах, даатгалын эрсдэл тооцох чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдийг богино хугацааны практик сургалтад хамруулахад дэмжихээ мэдэгдлээ.

Айлчлалын төгсгөлд Нийдерсахсен мужийн хэрэглэгчдийн эрх ашиг, хүнсний аюулгүй байдлын  газарт зочилж, Малын халдварт өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл авч, туршлага солилцлоо. Мал, амьтны бүртгэлийн систем өндөр хөгжсөн учраас аливаа эрсдэл тохиолдоход шуурхай арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлдгийг хэлж байлаа.
Ийнхүү ХБНГУ, Европын Холбооны улсын хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хууль, эрхзүйн орчин, төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, үйл ажиллагаа, шинжлэх ухааны шинэ ололт, дэвшилттэй танилцсан айлчлал амжилттай өндөрлөж, зорилгодоо хүрлээ.

Text: Gombojav Tsermed

Go back