ХХААХҮ-ийн сайд Б. Батзоригоор ахлуулсан төлөөлөгчид “Олон улсын ногоон долоо хоног”, “Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум”-д оролцоод ирлээ

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2018 оны 1 сарын 14-21 хооронд ХБНГУ-д танилцах аялал зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь “Олон улсын ногоон долоо хоног”, “Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум 2018”-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Олон улсын ногоон долоо хоног” нь дэлхийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн томоохонд тооцогддог үзэсгэлэн яармаг юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 66 орны 1.600 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг суртачилан оролцлоо. Аяллын хөтөлбөрийн маань нэгэн чухал хэсэг нь “Мал аж ахуйн тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай ирээдүйг бүрдүүлэх нь” сэдвийн доор болж өнгөрсөн 10 дахь удаагийн Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум байлаа.

Тус форумын үеэр 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт”-д энэ жил 69 орны хөдөө аж ахуйн сайд нар, нэр хүндтэй олон улсын томоохон байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээний байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуйн бодлогын голлох чиглэлүүдээр санал солилцож,бодлогын түвшинд зөвшилцөл, харилцан ойлголцолд хүрлээ.
Монгол улсаас тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б. Батзоригоор ахлуулсан төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

Төлөөлөгчид Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форумын хүрээнд зохион байгуулагддаг хөдөө аж ахуйн бодлогын болон эрдэм шинжилгээний салбар хуралдаануудад оролцож, Олон улсын ногоон долоо хоног үзэсгэлэн яармагтай танилцсанаас гадна энэ удаагийн аяллын маань голлох чиглэл нь Монгол-Германы эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын хамтын ажиллагааг өрнүүлэх явдал байлаа.
Энэ хүрээнд ХААИС-ийн төлөөлөгчид Халле хотод байрлалтай Лайбницийн хүрээлэнгийн харьяа “Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хүрээлэн дээр зочилох үедээ төлөөлөгчид шилжилтийн орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл авлаа. Уулзалтын төгсгөлд ХААИС тус хүрээлэнтэй цаашид хэрхэн хамтран ажиллаж болох, хамтарсан судалгааны төслүүд эхлүүлэх талаар санал солилцлоо.

Үүний дараагаар төлөөлөгчид Захсен-Анхалт мужийн Бернбург хотод байрлалтай Анхалтын дээд сургууль дээр зочиллоо. Тус сургуулийн Бернбург хот дахь салбар нь хөдөө аж ахуй, хүнсний технологи, ландшавтын чиглэлээр оюутнууд сургадаг бөгөөд нийт оюутнуудын 25% орчим хувь нь гадаад оюутнууд байдаг нь сонирхол татаж байв. Сургуулийн декан бидэнд тус сургуулийн сургалт, судалгаа, гадаад хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид тус сургуульд Монгол оюутнуудыг элсүүлэн сургах тал дээр төлөөлөгчидтэй харилцан санал солилцлоо.

2014 оноос хойш ХААИС нь ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллагуудын нэг болох Дойла Нийнбургтэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ. Тус санамж бичигт тусгасны дагуу ХААИС-ийн оюутнууд Герман улсад зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийдэг бөгөөд энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс төлөөлөгчид тус төвөөр зочилон, үйл ажиллагаатай нь танилцаж, ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Аяллын төгсгөлд ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмидтэй уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн тус аяллын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б. Батзориг Болгар, Унгар, Литва, ОХУ зэрэг орнуудын хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, НҮБ-ийн ХХАА-н байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын томоохон нэр хүндтэй байгууллагуудын удирдлага, албаны бусад хүмүүстэй хоёр талт уулзалтууд хийлээ.

Go back