Завхан аймагт “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сургалтыг зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран орон нутагт газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн (экстейншний) чадавхи бий болгоход чиглэсэн цуврал сургалт, зөвлөгөөнүүдийг улс, бүс, аймгийн түвшинд 2019 оноос хойш зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалтыг ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2022 оны 8-р сарын 23-24-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Завхан аймгийн 24 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүд болон Тосонцэнгэл, Тэлмэн сумдын ногоочид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан, зах зээлд худалдан борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг  энэ жилээс олгохоор болсон. Энэхүү  шийдвэрийг хэрэгжүүлэх, ногоочдод урамшуулал олгох бэлтгэл ажлын хүрээнд “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн сан” цахим бүртгэл, хяналтын системийн бүртгэл, заавар зөвлөгөө өгөх ажил орон нутагт явагдаж байгаа билээ. Цаг үеийн энэхүү ажилтай уялдуулан сургалтын эхний хэсэгт сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүд, ногоочдод тус нэгдсэн системийн бүртгэлийн явцад тулгарч буй асуудал, алдааг хэрхэн засварлах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.

Мөн өдрийн үдийн дараах хэсэгт хүнсний ногооны ил талбайд очиж ургац хураалтад бэлтгэх, хураалт ба хураалтын дараах ажлыг төлөвлөх зэрэг цаг үеийн асуудлуудаар ногоочид, сумын мэргэжилтнүүдэд практик зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаа.
Хоёр дахь өдрөө үргэлжилсэн талбайн сургалт тус аймгийн Тэлмэн суманд явагдаж, тухай орон нутгийн газар тариаланд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлж, шийдвэрлэх арга замуудыг нийт оролцогчид хамтдаа тодорхойлж, харилцан ярилцах, туршлага солилцох байдлаар зохион байгуулагдлаа. Мөн энэ өдөр сургалтын баг буцах замдаа тус аймгийн Их-уул сумын ногоочдын хүсэлтээр хүнсний ногооны ил талбайд очиж зөвөлгөө мэдээлэл өгснөөр энэ удаагийн сургалт өндөрлөв.

Go back