Хэвлэн нийтлэл / Гарын авлага

„Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулсан мэдээллийн богц“

„Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулсан мэдээллийн богц“

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн эрүүл зөв хооллолтын талаарх мэдлэг нэмэгдэж, эрүүл хүнс тэжээлд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Үүнийг дагаад бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдалд тавигдах шаардлагууд ч өссөн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь химийн болон микробын бохирдолгүй байх ёстой бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчинд төдийгүй үйлдвэрлэгчдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх нь чухал юм.

ХХААХҮЯ-аас 2019 оны эхний хагаст “Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулах нэвтрүүлэх заавар”-ыг батлаад байгаа билээ. Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл” нь дээрх зааврыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-г дэмжин ажиллаж байна. Тухайлбал, төсөл нь 2019 оны 10-р сард ХААИС, ХААҮШУОНТ-тэй хамтран “Хөдөө аж ахуйн зохистой дадал” сургалтыг зүүн бүсийн хүнсний ногоо тариаланчдад зориулан зохион байгуулсан билээ.

Тус сургалтын гарын авлага болгож төсөл нь хүнсний ногооны үрсэлгээ, ургамал хамгаалал, бордох технологи, усалгаа зэрэг сэдвүүдээр “Мэдээллийн богц”-ыг боловсруулан бэлдсэн бөгөөд эдгээр нь хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхэд зайлшгүй анхаарах, дагаж мөрдөх практик заавар зөвлөмжүүдийг багтаасан болно.

"Ургамал хамгааллын цогц арга, ургамал хамгааллын бодисын хэрэглээ"

"Ургамал хамгааллын цогц арга, ургамал хамгааллын бодисын хэрэглээ"

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан сургалт, семинаруудын үеэр тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд Ургамал хамгааллын бодисын (УХБ)  зохистой хэрэглээний талаар cургалт, зөвлөх үйлчилгээний эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь тогтоогдсон. Иймд тус төсөл өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан “Ургамал хамгаалллын зохистой дадал” сургалтын концепци, сургалтын материал боловсруулаад байна. Энэхүү сургалтын материалыг бид германы болон монголын холбогдох мэргэжлийн байгууллагуудын судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран “Ургамал хамгааллын цогц арга, ургамал хамгааллын бодисын хэрэглээ” сэдэвт гарын авлага болгон эмхэтгэлээ.  Тус гарын авлагыг хүнсний ногооны өрхийн жижиг тариаланчид төдийгүй төмс, хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч томоохон аж ахуй нэгжүүд ч ашиглах боломжтой юм. Гарын авлагад ургамал хамгаалах цогц арга, УХБ-той  ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, тээвэрлэлт, УХБ-ыг шүрших техникийн ажиллагаа зэрэг практик сэдвүүдээс гадна УХБ-ын хууль эрх зүйн орчны талаар нэгдсэн цогц мэдээллүүдийг багтаалаа.

"Сүрлэн хучлага бүхий тариалан"

"Сүрлэн хучлага бүхий тариалан"

“Хучлагатай тариалангийн технологи” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд 2016-2018 онуудад хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг эмхэтгэн “Сүрлэн хучлага бүхий тариалан” гарын авлагыг Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс боловсруулан гаргалаа. Тус гарын авлагад дээрх судалгааны үр дүнд тулгуурлан тариалангийн талбайд хэрхэн сүрлэн хучлага үүсгэх, хөрсийг хэрхэн тогтвортойгоор ашиглах, үржил шимийг нь сайжруулах, чийгийн хангамжийг хэрхэн нэмэгдүүлэх, сэлгээний эргэцийг ихэсгэх замаар тариалангийн талбайн ашиглалтыг хэрхэн сайжруулах вэ зэрэг олон чухал технологийн зөвлөмжүүдийг багтаажээ. Сүрлэн хучлага бүхий тариалангийн технологи нь уур амьсгалын хувьд манайхтай ойролцоо орнуудад өргөн ашиглагддаг бөгөөд хуурай, гандуу бүс нутагт тохирсон технологи болохыг тус судалгааны үр дүн дахин баталжээ. Гарын авлагыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн санхүүжилтээр хэвлэн олны хүртээл болгоод байна.

Гарын авлагыг эндээс бүрэн эхээр нь татаж авна уу

Төмс, үр тарианы талбайн хянан баталгааны гарын авлага

"Төмс, үр тарианы талбайн хянан баталгааны гарын авлага"

Тогтвортой хөдөө аж ахуй төслийн үндсэн нэг чиглэл болох үр сортын салбарыг сэргээн босгох, дэмжих ажлын хүрээнд салбарын боловсон хүчнийг чадавхжуулах ажлыг төслийн зүгээс тогтмол, системтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. 2017 оны 07 сард зохион байгуулагдсан Төмсний болон үр тарианы талбайн хянан баталгаа сэдэвт сургалтын хоёрдугаар шатыг энэ жилийн 07 сард сургагч багш бэлдэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалтад зориулж “Төмсний үр үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх”, “Үр тариан талбайд хянан баталгаа хийх” гэсэн хоёр хэсэгтэй гарын авлагыг төслийн зүгээс боловсруулаад байна.

 

Гарын авлагыг эндээс бүрэн эхээр нь татаж авна уу

"Хөрсний элэгдэл, эвдрэл, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд - гарын авлага"

"Хөрсний элэгдэл, эвдрэл, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд - гарын авлага"

Хөрс нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл юм. ХАА-н таримлын ургац нь ургамлыг чийг, шим тэжээлийн бодисоор хангаж байдаг хөрсний үржил шимээс хамаарна. Монгол орны бэлчээр тариалангийн талбайн хөрсний доройтлын талаар нэлээд олон судалгаа хийгдсэн байдаг. “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030”, “Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах 2016-2025”, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль (2016), Тариалангийн тухай хууль (2016) зэрэг бичиг баримтуудад хөрс хамгааллын тухай асуудлыг тусгасан байна. Хөрс нь хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд болон уур амьсгалын өөрчлөлт, ургамлан бүрхэвчийг өөрчлөх, тухайн орон нутагт тохиромжгүй хөрс боловсруулалтын арга хэрэглэсэн зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр доройтолд ордог. Энэхүү гарын авлага нь тариаланчид, газар тариалангийн зөвлөхүүдэд зориулагдсан бөгөөд Монгол орны хөрсний доройтлын байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, хөрс хамгаалах технологийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд, манай судлаачдын судалгааны үр дүнгүүд товч дурдагдсан байгаа болно.

Хөрсний үржил шим, бордоо, бордох технологийн гарын авлага

"Хөрсний үржил шим, бордоо, бордох технологийн гарын авлага"

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт юм. Төслөөс энэ чиглэлээр олон удаагийн сургалтууд зохион байгуулж байсан бөгөөд тэдгээр сургалтуудын материалууд болон холбогдох судалгаа, шинжилгээний дүнг шинэ мэдээ мэдээллээр баяжуулан “Хөрсний үржил шим, бордоо, бордох технологийн гарын авлага”-ыг боловсрууллаа. Уг гарын авлага тариаланчдад ашиглаж буй талбайнхаа хөрсний үржил шим, шинж чанар, шим тэжээлийн бодисын хангамжийг тодорхойлох, хөрсний дээжийг шинжилгээнд хэрхэн бэлтгэж өгөх, шинжилгээний дүнг ашиглан бордох тун нормыг хэрхэн тооцох зэрэг практик зөвлөмжийг энгийн байдлаар тайлбарласан нь үр дүнтэй болжээ.

Герман-Монгол зурагт толь

"Герман-Монгол зурагт толь"

ХБНГУ-д үйлдвэрлэлийн дадлага хийх мөн Германы их дээд сургуулиудад хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан ХААИС-иас герман хэлний курсийг зохион байгуулан, хичээллүүлж байгаа билээ. Тус курст хамрагдаж буй оюутнууд төдийгүй герман хэл анхлах суралцаж буй хэн бүхэнд зориулан “Герман-Монгол зурагт толь”-ийг ХААИС-ийн багш нарын зүгээс боловсруулан гаргаад байна. Тус толь бичиг нь герман хэлийг хөдөө аж ахуйн мэргэжлийн зорилгоор анхлах суралцаж буй хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэршлийг хүртэл товч, тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс тус зурагт толийг хэвлүүлэхэд дэмжин ажиллалаа.

„Mähdrescherhandbuch - 2015“

"Комбайнчийн гарын авлага – 2015"

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн нэгдүгээр үе шатанд (2013-2015) салбарын техник мэргэжлийн ажиллагсдыг практикт суурилсан сургалтуудаар дамжуулан чадавхжуулах ажлыг үйл ажиллагааныхаа үндсэн нэг чиглэл болгож ирсэн. Энэ хүрээнд бид ХБНГУ-даа ХАА-н мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Дойла Нийнбург-тэй хамтран олон арван техникийн сургалтуудыг зохион байгуулаад байна.
Бид энэ удаад газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын техник мэргэжлийн ажиллагсдад зориулан энэхүү “Комбайнчийн гарын авлага”-г боловсруулж товхимол болгон Та бүхэнд хүргэж байна. Дойла Нийнбург сургалтын төвийн сургалтын албаны дарга ноён Улрих Лосси нь Монгол Улсад ажиллаж байсан өөрийн туршлага болон Монголд ашиглагдаж буй техникүүд дээр тулгуурлан энэхүү товхимолыг боловсрууллаа. (www.deula-nienburg.de)

Effektive und Nachhaltige Druschfruchtproduktion in der Mongolei

“Монгол Улс дахь үр ашигтай, тогтвортой, үр тарианы үйлдвэрлэл”

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ҮХААЯ, ХААИС-тай хамтран 2013 оны 11 сарын 19-26 хооронд “Монгол Улс дахь үр ашигтай, тогтвортой, үр тарианы үйлдвэрлэл” сэдвээр Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад тус бүр 2 өдрийн сургалт семинарыг зохион байгууллаа.  Энэхүү сургалт семинарын сургагч багшаар ХААИС, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан хотын УГТСЭШХ-ийн эрдэмтэн багш нар мөн Аммак МЖЛ ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү хоёр өдрийн сургалтын материалаар бид гарын авлага боловсруулж, тариаланчдын хүртээл болгоод байна.