Төслийн үндэслэл
Монгол улсад 2019 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 11 орчим хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэжээ. Хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн үндсэн тулгуур салбаруудын нэг бөгөөд уул уурхай, үйлчилгээний салбарын дараа гуравдугаарт бичигдэж байна. Жилд дунджаар 6.3 хувийн (2015-2019) өсөлттэй байгаа хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийн нэг гол хөдөлгөгч хүч юм. Түүнчлэн, нийт ажиллах хүчний 25 орчим хувь нь газар тариалан, мал аж ахуйн салбарт ажиллаж байна.
Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 73 хувь буюу 114,81 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг бөгөөд үүний 110,43 сая га талбайг бэлчээрийн зориулалтаар, 1,71 сая га-г хадлан бэлдэх зориулалтаар ашиглаж байна. Газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй нийт эргэлтийн талбай нь 1,09 сая га бөгөөд 2021 онд нийт 432.647 га талбайд үр тариа, 108.342 га-д малын тэжээл, 21.416 га-д төмс, 11.220 га-д хүнсний ногоо тус тус тариалжээ. Монгол оронд уринш, буудай гэсэн хоёр талбайт тариалалтын технологи нилээд түгээмэл бөгөөд нэг төрлийн таримлыг жил дараалан тариалах, хөрсийг хараар өнжөөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хөрсний үржил шим жилээс жилд буурч, хөрс ихээр элэгдэж, доройтох болжээ.
Байгаль цаг уурын хувьд Монгол орон нь эх газрын эрс тэс уур амьсгалтай ба агаарын температур, хур тунадасны хэлбэлзэл маш ихтэй. Зуны улиралд 30°C дээш халах нь хэвийн үзэгдэл байдаг бол өвөлдөө тогтмол шахуу -30°C илүү хүйтэрдэг. Нутгийн хойд хагаст ойт хээрийн нутгаар жилд дунджаар 300-400 мм хур тунадас унадаг бол, төвийн бүсд 150-250 мм, харин говь талруугаа жилд дөнгөж 50-100 мм хур тунадас ордог байна. Монгол орны газарзүйн байршил, цаг уурын эрс тэс нөхцөл, нүүдлийн мал аж ахуй дагнасан экосистем зэрэг нь Монгол орны хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү нэрвэгдэх байдалд хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар (2016-2025) баримтлах бодлого”-ын баримт бичиг болон УИХ-аас 2016 оны 1 сард баталсан “Тариалангийн тухай” хуулиар хүнс, хөдөө аж ахуйн салбарыг цааш нь хөгжүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлжээ. Эдгээр баримт бичигт нэн тэргүүнд экологийн хувьд тогтвортой, эдийн засгийн үр ашигтай тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах мөн экспортыг нэмэгдүүлэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлжээ.
Төслийн танилцуулга: |
|
|