Зорилго

Weizenfläche

ХБНГУ, Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2012 оны 11 сард Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.

Төслийн эхний үе шат нь 2013 оны 4 сараас 2016 оны 3 сарыг дуустал  үргэлжилсэн бөгөөд үр тариа,  төмсний  дэвшилтэт, тогтвортой арга технологийг Монгол улсад нэвтрүүлэхэд чиглэн ажилласан.

Төслийн хоёр болон гуравдугаар үе шатуудад (2016 оны 04 сараас 2021 оны 12 сар дуустал) ХБНГУ, Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд голлон анхаарч ажиллалаа. Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ийнхүү өнгөрсөн хугацаанд төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн зорилтуудад хүрэхэд нь Монгол улсын Засгийн газрыг дэмжин ажиллаж ирлээ.

2022 оны 1 дүгээр сараас төслийн дөрөвдүгээр үе шат дахин 3 жилийн хугацаатайгаар хэрэгжиж эхлээд байна. Энэ үе шатанд төсөл нь ХБНГУ болон Монгол улсын  хөдөө аж ахуйн салбарын олон жилийн хамтын ажиллагааг туршлага солилцох, мэдлэг дамжуулах замаар улам бүр бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, тогтолцоог бэхжүүлэх мөн салбарын бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид болон хувийн хэвшлийнхэнийг чадавхижуулах чиглэлээр ажиллах бөгөөд төслийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд нь төслийн хоёр, гурав дахь үе шаттай нягт уялдаатай цаашид үргэлжилнэ.

Төслийн дөрөвдүгээр үе шатны тэргүүлэх чиглэлүүд нь:

  • Хөдөө аж ахуйн зохистой дадал
  • Уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой газар тариалангийн технологи
  • Монгол улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх

гэсэн 3 үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. Төсөл нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлого боловсруулагчид, салбарын эрдэмтэн судлаачид, мэдлэг түгээгчид, мэргэжлийн холбоод, зөвлөхүүдэд хүрч ажиллана.